
Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Гал үндэтсэн холбоо”-ынхоныг өмөөрч багагүй сенсааци дэгдээсэн. Тэрээр “Төрийн ордонд санаандгүй буу дугаргасан хүн 21 жилийн ял аваад, хүнрүү буудаж алахыг завдсан хүн зүгээр явж байна” гэдэг асуудлыг баримт нотолгоотой сөхөх гэж байсныг М.Бакей яаран сандран зогсоожээ. Ийнхүү М.Бакей яаран сандран Ж.Батзандангийн мэдэгдлийг зогсоох болсон нь цаанаа нарийн шалтгаантай аж.
МАН-ыг олонхи байх үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын МАН-ын даргаар ажиллаж байсан Д.Баваржан гэгч нь өөрийнхөө эхнэрийг хардсаны улмаас бусадруу бууджээ. Ийнхүү балмад авир гаргахдаа “Би МАН-ын нөлөө бүхий хүн байна, та нарыг бүгдийг чинь буудаж ална шүү” гэж орилсон байна. Азаар хүний амь насанд аюул хүрээгүй ч буудсан сум нь байшингийн хананд зоогдож үлдсэнийг хууль хяналтынхан баримтжуулсан байна. Харин гайтай тэр сум, холбогдох баримт сэлт нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Бакейн гарт оржээ.
Эл хэрэг явдлыг М.Бакей, Ж.Батзандан нараас гадна цөөнгүй хүн мэдэж байгаа аж. Харин М.Бакей яаран сандран энэ баримтыг дэлгэхгүй байхыг Ж.Батзандангаас хүсч, намын нөхөд нь ч 2016 онд МАН-ыг Баян-Өлгийд унагах чухал баримтыг дэлгэхгүй байхыг үүрэгджээ. Ийнхүү Ж.Батзандан чухал баримтыг нэг хэсэгтээ дарж өнгөрөхөөс өөр аргагүй болсон байна. Харин М.Бакей Баян-Өлгий аймгийн нөлөө бүхий хүмүүс болон сумын дарга нарруу зай завсаргүй утасдаж Д.Баваржаныг МАН-ын хорооны даргаар томилуулахаар улайран хөөцөлдөх болсон байна. Ийнхүү Баян-Өлгийд М.Бакей дараагийн сонгуульд намаа болон өөрийгөө ялуулах замаа баараггүй засч чухал тэр баримтыг сонгуулийн үеэр дэлгэхээр “нандигнаж” байгаа бол МАН-ын удирдлагууд хүн буудсан гэгдэх Д.Баваржаныг тус аймгийн намын хорооны даргаар томилж, ялагдах нүхээ сайн дураараа ухахаар зэхэж байна. Хэрэв Д.Баваржаныг Баян-Өлгийн МАН-ын даргаар томилбол МАН 2016 оны сонгуульд тус аймагт нар үзэхгүй. Гэсэн хэдий ч намын удирдлагууд нь М.Бакейн тоглолтонд орж Д.Баваржааныг ийнхүү дэмжиж байгаа нь Баян-Өлгийчүүдийн гайхшарлыг бараад байгаа аж. Ер нь сүүлийн үед МАН зэвсэг шийдэм агссан дуулиан шуугианаар тасрахаа байсныг жирийн гишүүд нь “нам маань юу л болчихов доо” гэсэн гайхсан аястай ажиглах болсныг нуух юун.
Сэтгэгдэл (16)