
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар С.Эрдэнэ сайдын санаачилсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Завсарлага авах болсон учир шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ингэж тайлбарлав. Тэрээр "Олонхи цөөнхөө хүндэтгэдэг баймаар байна. Өнөөдөр Засгийн газраас огт санал аваагүй, тооцоо судалгаагүй, өөрийн намын гишүүний санааачилсан хуулийн төслийг дараалал харгалзахгүйгээр УИХ-аар хэлэлцүүлдэг болжээ. Асуудалд ингэж үзэмжээр хандаж болохгүй. Манай намын бүлгийн гишүүд олон хүүхэдтэй эхчүүдийг урамшуулах, цалин олгох, алслагдсан аймгуудын иргэдэд бүсийн нэмэгдэл олгох тухай, НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн бариад удаж байгаа боловч өнөөг хүртэл хэлэлцүүлэхгүй байна. Цөөнхийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцдэггүй мөртлөө сайдын санаачилсан хуулийг хэлэлцэх нь зөв юм уу. Эхчүүдэд цалин олгох тухай хуулийн төслийг хэлэлцүүлье гэж УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр саналаа хэлэхэд УИХ-ын дарга "Энэ чинь мөнгөтэй холбоотой хууль" гээд хойш тавьсан. С.Эрдэнэ сайд аа, Та МАН-ын бүлгээс санаачилсан Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах тухай хуулийн төслийг дарахын тулд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Та хэвлэлийн бага хурал дээрээ манай бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг батлагдахгүй гэж хэлсэн биз дээ. Ийм байдлаар асуудалд үзэмжээр хандахаа болих хэрэгтэй. Тиймээс МАН-ын бүлэг Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газраас тооцоо судалгаа иртэл тав хоногийн завсарлага авлаа" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)