
“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.
Манай улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж “ДЦС-4” ТӨХК-д байгааг үндэслэн Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээ, ОХУ-ын Уралын турбины заводтай уурын турбин үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ, турбин, түүний туслах тоноглолуудын угсралтын ажлын зураг төсөл, техникийн баримт бичиг боловсруулах, угсрах, зүгшрүүлэх ажил гүйцэтгэх “Түлхүүр гардуулах” гэрээнүүдийг тус тус байгуулсан юм байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг, дулааны үйлдвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх аж.
“ДЦС-4” ТӨХК-ийг Т-120/130-130-8МО маягийн турбинээр өргөтгөх төслийг 2012 оны эцсээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сараас туршилт, тохируулгын ажил хийгдэж, 2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө төслийг бүрэн дуусгаж, байнгын ашиглалтад оруулах графиктай ажиллаж байна гэж төслийн танилцуулгад дурджээ.
Түүнчлэн станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа юм байна. Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулсан аж.
Төсвийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд төсөл санаачлагч болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүний дараа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах бусад хуулиуд, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч байгааг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг тав хоногоор хойшлууллаа.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар хийсэн бөгөөд гишүүд асуулт асуун, хариулт авсанаар өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ. Маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтыг явуулахаар тогтлоо.