
-Сайн байна уу, Танд баяр хүргэе. Би Тайм.мн мэдээллийн сайтын сэтгүүлч юм.
-Баярлалаа.
-Та хэзээ Монголдоо ирэх вэ?
-Хэд хоногоос очно. Тодорхой хэлэх боломжгүй байна.
-Хэдхэн өдрийн өмнө таныг тийм ч олон хүн мэддэггүй байсан байх. Харин өнөөдөр монголчууд бүгд таныг таних боллоо.
-Сэтгэгдэл маш өндөр байгаа. Найз нөхөд ар гэрийнхэн маань ч гэсэн маш сайхан дэмжлээ. Үнэнийг хэлэхэд монголчууд ийм айхтар сүртэй баярлан хүлээж авна гэж огт бодсонгүй. Тэмцээний тухайд анхнаасаа л хожино гэсэн өөртөө өндөр итгэлтэйгээр ирсэн. Тэгээд л хожлоо.
-Цаашид Монголдоо амьдрах уу, Германд амьдардаг гэж сонссон.
-Монголдоо байна.
-Покерийн тухайд бид төдийлөн төлөвшсөн ойлголтгүй гэж хэлж болно. Алдаж онодог онцгүй тоглоом гэж харах хүн олон болов уу.
-Монголд маань ихэнх хүмүүс үүнийг мөрийтэй тоглоом гэж хардаг. Тэр ойлголтоороо энэ тоглоомонд бас нэг их таатай ханддаггүй санагддаг. Гэхдээ үүнийг тэмцээн маягаар хөгжүүлбэл маш сонирхолтой нэг төрлийн оюуны спорт юм.
-Энэ чиглэлээрээ та ямар нэг ажил Монголдоо санаачилж хийх үү?
-Одоохондоо бодож, санасан зүйл алга. Гэв гэнэт ийм зүйл болчихсон болохоор юу хэлэхээ ч мэдэхгүй юм.
-Таны дараагийн тэмцээн?
-Ямар ч байсан энэ оны 10 дугаар сард Макаод Азийн аваргийн хэмжээний том тэмцээн болно. Энэ удаад аварга болсон учраас тэнд тоглох эрхийг хожсон гэсэн үг. Тэгэхээр тэр тэмцээнд оролцох нь тодорхой. Өөр бусад тэмцээнд орно гэсэн төлөвлөгөө одоохондоо алга.
-Хэвлэлүүдэд таныг порш авч унана гэж бичиж байгаа. Тэр бодол тань хэвээрээ юу?
-Мэдэхгүй (инээв). Тэр үед сэтгэлийн хөдлөлөөр тулгамдаад тэгээд хэлчихсэн юм байна. Өөр илүү үр өгөөжтэй зүйлд мөнгөө зарцуулна.
-Гэр бүлийнхэн тань хамт байсан гэсэн?
-Аав ээж маань Монголд байсан. Дүү маань харин гэв гэнэт л финалийн өдөр “Буянаа ах аа” гэчихсэн ард инээгээд зогсож байсан. Их баярласан шүү. Анхандаа гав ганцаараа оччихсон байсан. Эхний хоёр өдөр таних хүн байхгүй. Харин яг финалийн өдөр Макаод байсан монголчууд маань зөндөө олуулаа ирчихсэн маш сайхан дэмжсэн. Ер нь бол олон орноос зохион байгуулалттайгаар 5-6 хүн нэг баг болж оролцдог юм билээ.
-Хэвлэлүүдэд янз бүрийн мэдээлэл явж байна. Та хэр удаан покер тоглож байгаа вэ?
-Яг тоглож эхлээд найман жил өнгөрсөн байна. Германд тоглох боломжтой байсан болохоор өөрийгөө энэ тал дээр нэлээд хөгжүүлэх боломж байсан. Харин Монголд тоглох боломж байхгүй болохоор хааяа л найз нөхдийн хүрээнд покерийн ширээний ард суудаг байлаа.
-Өмнө нь покероор томоохон амжилт үзүүлж байсан түүх бидэнд байхгүй байх тийм үү?
-Байхгүй ээ.
-Харин таны хувьд?
-Томоохон тэмцээнүүдэд орж байгаагүй. Германд 10000-20000 еврогийн тэмцээнүүдэд орж байсан удаатай.
-Цаашдаа дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломж, эрх танд нээлттэй гэж ойлгож болох уу?
-Бүрэн нээлттэй. Тэр тэмцээнд орорлцох, бүр цаашилбал түрүүлнэ гэдэг миний мөрөөдлийн нэг хэсэг юм даа. Зөвхөн минийх гэлтгүй покер тоглодог олон хүний мөрөөдөл байх.
-Сүүлийн асуулт. Та Монголын ямар нэг хуулийг зөрчөөгүй биз?
-Жишээ нь ямар хууль.
-Мөрийтэй тоглолоо гэдэг ч юм уу.
-Зөвшөөрөгдсөн газар нь тоглоод түрүүлсэн юм чинь зүгээр биз дээ.
-За танд амжилт хүсье. Ирэх өдөр чинь тодорхой бол нисэх буудал дээр таныг олон монголчууд алга ташин угтах байх.
-Баярлалаа.
Т.Бэх
Эх сурвалж: time.mn
Эх сурвалж: time.mn