
Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлжээ.
Нэгдүгээрт нь Ж.Батзандан гишүүний өргөн барьсан "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Тус хуулийн гол үзэл санаа нь төрийн өндөр албан тушаалд сонгогдож буй хүмүүс нь гадаадын харъяат эхнэр, нөхөртэй бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэх ёстой гэсэнд байгаа. Энэ нь хүний эрхийн асуудал боловч нөгөө талаас Монгол төрийн дархлаа, улс төрийн аюулгүй байдлын тухай асуудал явагдаж байгаа. Мөн Төрийн алтан хайрцаг, сүлд хийморь гэх мэт төрийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд хөндөгдөж байгаа учир энэ заалтыг дэмжих нь зүйтэй гэж тус намын бүлгээс үзсэн байна.
Мөн тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдаж байгаа улс төрийн болон захиргааны тусгай чиг үүргийн албаны удирдах ажил гүйцэтгэж байгаа хүмүүс нь оффшор бүсэд данс нээх, хөрөнгө эзэмшихийг хуулиар хориглоно гэсэн заалт байгаа. Үүнийг "Шудрага ёс" эвслийн бүлэг хэлэлцээд дэмжсэн байна. Оффшор бүсэд данстай байх нь татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулахад нөлөөлнө. Тиймээс уг хуулийн заалтыг дэмжинэ гэж тус намын бүлгийн дарга Н.Батцэрэг хэлэв. Энэ долоо хоногт С.Баярцогт гишүүний өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Тиймээс уг асуудлыг өнөөдөр "Шудрага ёс" эвслийн бүлгийн хурлаар хэлэлцсэн байна.
Уг хуулийн үзэл санаа нь УИХ-ын гишүүн нь санал хураалтад оролцохдоо бусдын өмнөөс кноп дарахгүй байх зохицуулалт юм. Хэрвээ дарсан байх юм бол тухайн санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулна. Бусдын кнопийг дарсан гишүүнийг байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр асуулт асууж, үг хэлэхийг нь хориглоно гэсэн заалттай байгаа аж. Үүнийг зөв зүйтэй хэмээн тус намын бүлгээс үзэж бусдын өмнөөс кноп дарсан гишүүний хариуцлагыг үүнээс илүү чангатгах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Мөн намын улсын төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан энэ долоо хоногт Аудитын Ерөнхий газрынхантай уулзаж царцаасан барилгуудын шалгалтын явцыг асууж мэдэхээр болжээ. Тодотголтой холбогдуулж "Шудрага ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг энэ долоо хоногт Засгийн газрын гишүүтэй уулзахаар төлөвлөж байгаа юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)