
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ долоо хоногт анхаарал татаж байгаа хэд, хэдэн хуулиуд байгаа. Тухайлбал Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль байна. Энэ хуулинд Алтны тухай асуудлаа оруулъя гэдэг дээр намууд нэгдсэн байр суурьтай байгаа гэж бодож байна. Газрын тухай хуулийн асуудал хоёр парламент дамжиж орж ирсэн. Олон удаа хэлэлцүүлэг хийсэн хүнд хуулиудын нэг. Олон жил сунжруулдаг, улс төр хийдэг байдлыг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцүүлээд төлөвлөгөөнд оруулсан нь зөв гэж үзэж байна" гэв. Энэ хуулинд санал нэгдэхгүй, маргаан дагуулсан бас нэгэн асуудал байгаа гэлээ. Энэ нь бэлчээртэй холбоотой асуудал аж. Бэлчээрийн асуудал тусгай хуулиар зохицуулагдаж байгаа. Ингэснээр бэлчээрийн тухай ерөнхий ойлголтыг Газрын тухай хуулиндаа тусгаад энэ хуулийг батлах нь зүйтэй гэж АН-ын бүлгээс үзэж байгаа аж.
Мөн намрын чуулган хоёрдугаар сарын 10-нд хаалтаа хийнэ. Энэ хугацаанд "Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого" батлагдсантай холбогдуулан уул, уурхай эрдэс баялагийн асуудлаа цэгцлэх ёстой гэв. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулиа батлах, Алтны тухай хуулиа нэг тийш нь шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Ер нь уул уурхайн асуудал дээр улс төрийн намууд нэгдсэн байр суурь дээр очих хандлага руу явж байгаа нь сайн зүйл гэж үзэж байгаа. Одоо Монголын уул уурхайгаар улс төржихөө больцгооё гэдэг гишүүдийн саналыг дэмжих нь зүйтэй" гэв.
Т.Энхэлээ