
МАН-ын бүлгийн зүгээс Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дээр ашигт малтмалын ордууд, байгалийн баялгаа ирээдүй хойч үедээ нөөцлөх шаардлагатай гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа гэдгээ мэдэгдлээ.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар "Урт нэртэй хууль болон бусад тусгай хамгаалалттай газар нутаг ирээдүй хойч үед үлдэж байгаа гэдгийг онцолж хэлэх ёстой. Говь-Алтай аймагт сонгууль болоход "Хатан суудал" зэрэг ордуудыг хөндөхийг санаархан тусгай хамгаалалтаас нь гаргахыг оролдлоо. Энэ ордуудыг хөндөхгүй байхыг хоёр намын бүлэг албан ёсоор тохирсон. УИХ дээр Газрын тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулинд бэлчээрийг малчдад эзэмшүүлэх, өвөлжөө, газар тариалангийн талбайг өмчлүүлэх, хот суурингийн газрыг гадаадын иргэдэд өмчлүүлэх, сертифекат олгох зэрэг асуудал яригдаж байна. Эдгээр асуудлуудыг шийдэх гарц, суурь дэвсгэр гаргахын тулд Газрын тухай хуулийг яаравчлах аргаар эрх баригчид хандаж байгаа. МАН-ын бүлэг үүнийг судалж, иргэдийн саналыг сонсох нь зөв, бэлчээр эзэмших эрх зүйн орчин, цаг хугацаа болсон уу, өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн салбарыг өмчлүүлэх шаардлагатай юу, гадаадын иргэдэд сертифекатаар газрыг 60 жил, сунгаад 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх нь зөв үү гэдэг дээр иргэдийн санаа бодлыг хэлэлцэх нь зөв гэдэг байр суурьтай байна" гэв. Мөн НӨАТ-ын босгыг 50 сая болгоё гэсэн хуулийн төслийг АН-ын бүлгээс барьсан байгаа. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлгийн гишүүд НӨАТ-ын босгыг 200 сая болгоё гэдэг хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна гэсэн юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт малчдын тэтгэврийн насыг санаачлах хуулийн төслийг өргөн барихаар МАН-ын бүлгээс бэлдсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Энэ долоо хоногт Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг нийгэм хүлээлттэй харж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч "Том төрөөс ухаалаг төр рүү" явах бодлогыг санаачлан өргөн барьсаныг МАН-ын бүлэг дэмжиж байгаа. Төрийн тогтолцоо гажигтай, эрх мэдлийн хуваарилалт алдагдсан. Засгийн газар УИХ-ынхаа дээр гарсан. Монгол Улсын боловсон хүчний бодлого алдагдсан, хэдхэн хүнээр тойруулаад төр, засгийн ажил яваад байгааг манай бүлэг дэмжиж байгаа. Энэ асуудлыг 2016 оноос хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Харин МАН-ын бүлэг 2014 оны долдугаар сараас хэрэгүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Засгийн газрын хуулийг хэлэлцэж байхад сайд нар санал хураалтад оролцохгүй байх хэрэгтэй. Ерөнхий сайд УИХ-аас сонгогдож болно, бусад нь парламентаас гадна сонгогдоно гэсэн Ерөнхийлөгчийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа.
Мөн МАН-ын бүлэг Говь-Алтайн сонгуулийн дүнгийн талаар албан бус мэдээлэлтэй байгаа. Тийм учраас ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)