
Монгол Улс нэг л биш ээ. Ардчилал, зах зээлийн замыг сонгоод, түүгээр замнаад хүн төрөлхтөний нийтлэг хувь заяаны голдиролд ороход аяндаа хөтлөгдөөд явчих юм шиг бодож сэтгэж байсан 24 жилийн өмнөх мөрөөдөл биелсэнгүй. Харин ч улс орон, ард түмний амьдрал ноцтой хурц хурц асуудалтай алхам тутам тулгарч, түүнээс гарах арга замыг олоход бэрхшээл зовлон чамгүй их тохиолдож байна. Дангаар захирагч харгис дэглэмийг халж, олон намын систем, ард түмний сонгуулийн засаг төр тогтоолоо. Гурван сая түмэн улс төрийн намуудад хуваагдан үндэсний хагарал бараг айл өрхөөс эхлэх шахам байна. Түүхийн үүднээс авч үзвэл энэ нь Бага хаадын бутарлын үеийг санагдуулж, зүс нь өөрчлөгдсөн ч мөн чанар нь нэг байна. Өмчийг эзэнтэй болгож, их, бага хувьчлал явууллаа. Гэтэл урьд өмнө байгуулсан аж ахуйгаа бүрэн устгаж, зальтай овсгоотой, шуналтай хэсэг бүлэг хүнд нийгмийн баялагын ихэнх хувь очжээ. Эдүгээ НҮБ-ын аргачиллаар тооцоход 3 монгол хүний 1 нь нэн ядуу аж төрж байна. Өргөн уудам Монгол орны өнцөг булан бүү хэл хээр тал эзгүйрч хэнийх болохыг нь эргэлзэхэд хүрэх нээ. Эх орондоо бүрэн эзэн суугаагүй, эрх чөлөөт иргэд маань амьдарлын хатуу хөтүүгийн аясаар, Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу суух газраа өөрөө сонгон хөдөөнөөс хотын зүг эхэлсэн Их нүүдэл хорин жил үргэлжилж, эх орон маань хот-улс болоход туллаа. Улаанбаатар маань утаан дунд сүүмэлзэж, улс зоны эрүүл мэнд гаргуунд хаягдав. Гамшиг бүрэн нүүрлэжээ. Онц байдал яагаад тогтоохгүй байна. Үндэсний үзэл хэмжээ дамжаанаасаа хальж, зарим талаар улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд сөргөөр нөлөөлөхөд ойрхон байна. Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг шүтээн нь зөвхөн МӨНГӨ, ЭД БАЯЛАГ, түүнийг дагасан ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ болж, Монгол нүүдэлчний соёл, түүний мөнхийн хэмжүүр болсон ЁС СУРТАХУУН бүрэн уналтад оров.
Энэ бүхэнд хэн, юу гэдэг юмс үзэгдэл буруутайг эдүгээ үндэсний хэмжээнд хайж байна. Түүний нэг том жишээ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний хэлэлцүүлэг, зөвшилцөл юм. Монгол орны сэргэн мандалтын түүхийн үүлэн чөлөөний нар шиг энэхэн орон зайд улс үндэстнээ нийтийн жишигт хүргэх гэсэн хоёргүй сэтгэл удирдагч хүний нойрыг хасч, хоолыг сойдог буй заа. “Том төрөөс ухаалаг төр лүү” явах нь тун зөв. Бэрхшээл зовлонг туулах арга зам түүний цаана оршиж буйг харж байна.
Түүн дээр энэ улсын иргэний хувьд миний нэмэрлэх санааг Танд толилуулъя. Энэ бол ирээдүйн хөгжлийн шалгуур ч болж болох юм шүү.
ЁС /ЗҮЙ/ СУРТАХУУНЫГ СЭРГЭЭН ТОГТООХ ЯВДАЛ
Хүн төрөлхтөний оршин тогтнох оюун санааны үндэс нь соёл хийгээд ёс суртахуун ажээ. Түүний үндсийг тодорхойлогч нь МЭӨ 469-399 онд аж төрж байсан Грекийн Их сэтгэгч Сократ ажээ. Түүнийг Ethics of Socrates буюу Сократын ёс зүй /үндэс/ гэдэг байна. Хожим үүнийг МЭӨ 384-324 онд амьдарч байсан Их сэтгэгч Аристотель улам хөгжүүлжээ. Аливаа улс орон зөвхөн удирдагч, ард түмэн эсвэл зэр зэвсэг, эд баялаг дээр тогтдог биш юм байна. Улс орныг бие мах бодь нь гэвэл Ethics буюу Ёс суртахуун нь сүнс нь ажээ. Эгээ л хүний бие, сэтгэл /сүнс/ хоёр лугаа адил. Эдгээр нь бие биеэс салбал хүний хувьд үхэл, гүрний хувьд мөхөл ирдэг ажээ. Ёс суртахуун сууж, бие хүн төлөвшдөг байна. Тиймээс ч Их сэтгэгчид “Хүүхэд төрж байхдаа бие хүн биш, харин бие хүн болох хүн” буюу “At birth, a baby is not person, but a potential person.” хэмээн бичжээ.
Тэгвэл энэ ёс суртахуун хэмээгч сүнс, сүр сүлдийг яаж тогтоодог вэ, эсвэл тогтдог вэ гэдэг асуудал гарна. Хүн төрөлхтөний амьтнаас ялгарах гол онцлог нь сэтгэн боддог. Түүндээ тулгуурлан сайн сайхан амьдралыг л эрж хайдагт байна. Тиймээс Аристотель “People naturally do what is good, if they know what is right“ хэмээн айлджээ. Ийнхүү сэтгэн боддог хүмүүн төрөлхтөн амьтнаас ялгарах гол гогцоо ёс суртахуунаа дээдлэн өргөж ирсэн байнам. Энэхүү ёс суртахуун нь хүн төрөлхтөний соёл, ухамсарыг түшин цэцэглэдэг бөгөөд энэ нь эрхэмлэн дээдэлдэг ёс заншил, шашин шүтлэг, сайн юмны эх бүхэнд нь сууж, шингэсэн байдаг ажээ. Тухайлбал, хар, шар, цагаан, улаан арьстан аль ч ард түмний ёс заншилд зөвхөн сайн сайхныг билэгдсэн үйлдлүүд багтдаг бөгөөд тэдгээрийг дээдлэхийг шашин ном нь сургасан байдаг юм. Бүх шашин тэр бүү хэл зарим талаар өрнөд, дорнодод эргэлзээ, шүүмжлэл төрүүлдэг Ислам шашны Sharia law or the divine law буюу куран сударт хүний ёс суртахууны хэм хэмжээг зааж, түүгээр замнахыг хатуу шаардсан байдаг ажээ. Буддын шашинд Ёс суртахууны хэм хэмжээг бүр 5, 8, 10 зэрэглэлтэй тогтоосон байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн чанга нь 227 ёс суртахууны дүрэм журмыг багтаасан Винайн ёс буюу лам нарт зориулсан Patimokkha ажээ. Монгол оронд шарын шашин дэлгэрсэн үеэс шашны энэ сургаал ёс суртахууны ялангуяа шар орхимжит хүмүүний нэгэн хэм хэмжээ болж ирсэн байна. Гэхдээ шашны энэ сургаалаас гадна өвөг дээдсээс өвлөгдсөн бөөгийн болон хаант ёсны уламжлал Монгол хүмүүст илүү ойр байж, ёстой, жудагтай, намбатай, төрхтэй байлгасан гэвэл үнэнд илүү ойртоно.
Ганц жишээ хэлье. Өнөөдөр хүмүүний жам ёсноос гадуур “ижил хүйстний хийгээд хүүхэд багачуудын бэлгийн харилцааны явдал” энэ дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийг ч чичрүүлж байна. Хүн амын олонхи нь шаардаад буй тул тэртэй тэргүй үржил нь зогссон “өрнөдийн ардчилал” тэдгээрийн өмнө гар өргөн бууж өгч, харин ч ёс зүйн хэм хэмжээнд аваачсан гашуун үнэн дуулдаж байна. Ёс суртахуунгүй Монгол Улсад уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлан, ижил хүйстний асуудал гэгчийг хүлээн зөвшөөрөх ойворгон улс төрч ч байхыг үгүйсгэхгүй. Энэ бол сүйрэл гэдгийг урьдчилан анхааруулах ёстой байх. Монгол Улсын мөнхийн хөрш, аугаа их ах дүү Орос орон хүртэл энэ явдлыг таягдан хаялаа. Алс Африкын Уганда Улсын Ерөнхийлөгч дээрхийг “өвчин эмгэг” хэмээн тодорхойлж байна. Америкээс зөвхөн сурч, Америктэй зөвхөн улсаа харьцуулах нь Монгол оронд бас нэг гаж биш гэхэд гажиг явдал болжээ. Чухам иймэрхүү гаж ёс, хүмүүний жамаас хэтэрсэн олон үйлдэл хүн төрөлхтөний зарим хэсгийн уур уцаарыг бараад буй учир өрнөдийн эсрэг аллага таллага газар аваад буй юм биш байгаа даа. Шариагийн хууль, исламын ёсонд нь, цаашилбал, зон олны нь ёс суртахуун, оршин тогтнох эсэхэд аюул занал учраад буйгаас дэлхийн тэр өнцөгт тэгтлээ байж ядаад байгааг ойлгоход бэрх биш юм.
ЁС СУРТАХУУНАА ГЭЭСЭН ОН ЖИЛҮҮД
Харин Монгол орон социализм байгуулж, улмаар коммунизмд орох гэсэн зөвлөлт маягийн мөрөөдлийн жилүүд буюу дангаар ноёрхогчдын үед шашинтай хамт уламжлалт ёс суртахуун унаж, түүнийг коммунист ухамсараар орлуулах гэсэн оролдлого ихээхэн хүчтэй явагдсаныг миний үеийнхэн сайн мэднэ. Социалист аж төрөх ёс, түүний шинжүүд гээд л бид бүхэн нэлээд олон жил дагаж явсан ёс суртахууны хэм хэмжээ бий. Өнөөдрийнх шиг шууд барьж аваад хүчирхийлэхээс эрэгтэй нь мэхийж, эмэгтэй нь борив нугалан хүндэтгэл үзүүлэх нь сурууштай л соёл биз дээ. Тэдгээрийг хүчээр суулгах гэж оролдсоноос бус муу зүйл байгаагүй. Эдүгээ арга ядаж социалист ёс суртахуунтай Монгол орон, монгол хүн үлдсэн бол бидний том ололт амжилт байх байлаа. Бид боловсролтой болсноороо бахархахтай адилхан гэхүү дээ.
Монгол орон ардчилал, зах зээлийн буюу хүн төрөлхтөний туулсан хөгжлийн замд эргэн орохдоо хаясан, мартсан ноцтой олон асуудлын дотор хамгийн уршигтай нь ёс суртахуунгүй болсон явдал байлаа. Ёс суртахууныг номлох улс төрийн нам, улс төр ч төрсөнгүй. Тэд зөвхөн эдийн засгаа сайжруулж, эрх мэдлийг авах замаар баяжина, сайхан амьдарна гэсэн утопи буюу үл гүйцэлдэх үзэлд нэрвэгдсээр өчүүхэн ч завгүй цагийг элээж иржээ. Тиймээс ёс суртахуунгүй Монгол өнөөдөр улс төрийн манлай намуудад ямар ч үнээр хамаагүй шигдэж, албан тушаал, эрх мэдлээ ашиглан олсон их хөрөнгөөрөө ядуу ард түмний саналыг төртэй нь хамт худалдан авлаа. Төрийн алба, улсын аж ахуйг баяжих хөлжих хэрэгсэл болгон, тэрбум тэрбумаар нь халаасалсан байна. Улс орны эдийн засгийн өндөрлөгүүдийг эзлэн түрэмгийлж, архи спирт, амттан шимттэн төдийхнөөр хуурч, ядуу ард түмнийхээ хөлс хүчийг сорон мөлжиж сууна. Тэд “консервний лаазыг” хийж чадахгүй байж, хоттой хонийг малчин эзний нь араар дамлаж явна. Дэлхийд дансгүй дамжаа сургуулиар мөнгө хүүлж, ардын дуу, хошин шог төдийгөөр шаналсан олны түрүүвчийг хоослон, эх орны ирээдүйгээр тоглоом тохуу хийж байна. Тэдэнд Ёс суртахуун гэж алга. Монгол орон зан заншилаа гээж, ёс суртахууны хувьд уналтад оржээ. Засаж залруулж авахгүй бол үндэсний мөхөл ойрхон байна.
ЁС СУРТАХУУНЫГ УХААЛАГ ТӨРТЭЙ ХАМТ БАЙГУУЛЪЯ
Ethics of Socrates буюу Сократын ёс зүй /үндэс/ өнөөдөр хөгжлийн өндөр шатанд гарч дэлхий дахины эрдэмтэн судлаачид түүнийг бүр шинжлэх ухааны үүднээс задлан авч үздэг болжээ. Тэдний судалгаагаар эдүгээ дэлхий дахинд ЁС /ЗҮЙ/ СУРТАХУУНЫ УХААНЫГ доорхи байдлаар ангилж байна:
- Нийтийн /төрийн/ ёс зүй - Public sector ethics
- Улс төрийн ёс зүй - Political ethics
- Ажил хэргийн /бизнесс/ ёс зүй - Business ethics
- Харилцааны ёс зүй - Relational ethics
- Цэргийн ёс зүй - Military ethics гм...бүр цаашлаад мэргэжлийн ёс зүй хөгжин цэцэглэж байна.
Тиймээс Ухаалаг төртэй хамт монгол ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг тогтоохгүй бол хөгжил дэвшил Монгол оронд төлөв төвшин ирэхгүй нь байна шүү гэдгийг л миний бие иргэний хувьд сануулж, уншсан, судалснаасаа хуваалцаж байна. Тунгаан соёрхоно уу.
МОНГОЛ УЛСЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Т.ЗАЛАА-УУЛ
Сэтгэгдэл (5)