УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс парламентад суудалгүй жижиг намуудыг татан
буулгах саналыг гаргасан. Энэ талаар тус намын бүлгийн дарга
Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс парламентад суудалгүй жижиг намуудыг татан буулгах саналыг гаргасан. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Үүнийг улс төрийн намуудын тухай хуулиар зохиуцуулах бөгөөд УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа аж. Энэ талаар бусад намуудын удирдлагуудын байр суурийг сонслоо. Тэдний юу гэж ярьсаныг хүргэе.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: - Яг одоогийн байдлаар энэ асуудлаар бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгээгүй байна. Хувь хүнийхээ хувьд бол уг асуудлыг дэмжихгүй байгаа. Хүмүүсийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, нам эвсэл байгуулах, гэсэн үндсэн хуулийг хязгаарласан зүйл болно. Хэрвээ энэ хуулийг баталбал үндсэн хууль зөрчсөн асуудал болно.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: - АН-ын хийсэн мэдээлэлтэй холбогдогдуулан албан ёсоор бид нам дотроо ярилцаагүй байна. “Шудрага ёс” эвслийн бүлгийн хурлаар ч энэ асуудлыг хэлэлцээгүй байх. Миний хувьд буруу гэж үзэж байгаа. УИХ улс төрийн намуудын тухай хуульдаа яаралтай өөрчлөлтөө оруулаад парламентад суудалтай намууд нь улсын төсвөөс санхүүжилтээ аваад харин УИХ-д суудалгүй намууд нь санхүүжигдэх боломжгүй болно. Энэ асуудлаараа намын үйл ажиллагааг зохицуулна уу гэхээс биш шууд хуулиар тараадаг нь үндсэн хуультай зөрчилдөнө. Нөгөөтэйгүүр улс төрийн намуудын хуулинд нам байгуулах зааж өгсөн нөхцлийг эргэж өөрчилнө гэдэг нь ардчилалынхаа зарчимтай хэр нийцэж байгаа юм бол гэсэн эргэлзээ байна. Ардчилалын зарчмаасаа ухарч байна гэсэн үг шүү дээ. Тиймээс парламентад суудалгүй намуудыг татан буулгана гэдэг асуудлыг дэмжихгүй байна.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: - Ардчилалаасаа татгалзаж байгаа бол тэгнэ л биз. Ардчилсан намаа ч гэсэн доромжилсон юм болно. Тэгээд бүгдээрээ нэг коммунист намтай болно биз. Ер нь ардчилалыг бий болгосон хүмүүсийн яриа биш байх. С.Баярцогт залуучуудын холбооны нөхөр байсан биз дээ. АН, Ардчилсан холбоо байгуулагдах үед байгаагүй. Ардчилалынхан шоронд орж байхад жижиг намууд л өмөөрч байсан шүү. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг ардчилалд байсныг би л мэдэхгүй юм. Тиймээс дэмий зүйл донгосож байх нь дэмий биз дээ. Аливаа зүйл чинь ээлжтэй шүү дээ.
ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбат: - Манай намын хувьд АН-ын тус мэдээллийг эсэргүүцэж байгаа. Заавал их хуралд төлөөлөлтэй байж нам оршин байх эрхтэй болно гэдэг нь том намуудын өөрсдийгөө хэтэрхий бодсон үйлдэл болно. Шинэ урсгал, шинэ намыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хааж, боосон үйл ажиллагаа. Энэ бол жирийн иргэдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөрчиж байгаа үзэгдэл гэж бодож байна. Манай нам бол дунд нам. Гэхдээ АН-ын тавьж буй асуудлын дагуу бол бидэнд ч гэсэн эрсдэл бий болно гэсэн үг.
Хөдөлмөрийн үндэсний намын дарга н.Энхбат: - Хүний үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх асуудлыг ингэж боож болохгүй. Парламентад суудалтай ч бай, үгүй ч бай хүн ямар намаа байгуулах нь өөрсдийнх нь асуудал биз дээ.
Монголын ногоон намын дарга Ч.Мөнхбаяр: - Монголын ногоон нам үүнийг эсэргүүцэж, Монголын ардчилалд аюул учирч байна гэж ойлгож байна. Цаашид нэг намын дарангуйлал ч юм уу эсвэл нэг хүний дарангуйлал тогтоох бодлого явагдаж байна гэж ойлгож байгаа. Монголын ардчилалыг үгүй хийх гэсэн оролдлого. Монголын парламентад суудалгүй намуудын уулзалт өнөөдөр болно. Тэгээд үүнийг эсэргүүцэж мэдэгдэл гаргана.
Хамуг Монголын хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэбаяр: - Энэ бол Ардчилсан нам багаа хуулж жинхэнэ төрхөө үзүүлж байгаа үйлдэл. Нам эвлэлдэн нэгдэх эрхийг булааж авахаар шийдсэн бололтой. Энэ намууд өөрөө хууль зөрчиж орж ирсэн. Тэд бол автомат машины хүүхдүүд. Тийм учраас одоо дураараа аашилж байна. Ийм санал гаргах асуудлаар С.Баярцогт нэг удаа бидэнтэй уулзсан. Улс төрийн намуудын асуудлаар ярилцана гэсэн боловч боловсруулж байгаа хуулийн төслөө бидэнд өгөөгүй. Одоо хэрэгжиж байгаа хуулийн төслийг хавтсанд хийж өгөөд, ерөнхий шүүмжлэл өрнүүлж байгаад салсан. Түүнээс хойш нэг ч удаа хойшлоогүй. Одоо парламентын бус нам Монголд гай тариад байгаа юм уу, парламентад байгаа намууд гайтай шийдвэр гаргаад байгаа юм уу гэдгийг ярих хэрэгтэй. Гэхдээ ингэж ярьж байгаа нь их сайн. Ардчилсан нам Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэхдээ энэ асуудлыг гаргаж ирсэн нь Монголыг дарангуйллын тогтолцоо руу шилжүүлэх дотоод санаагаа ил болгож байгаа хэрэг. Үүгээрээ их зөв. Одоо багаа хуулсан дээр нь бид улам сайн хуулалцаж өгөх хэрэгтэй болж байна даа. Сонгууль болохоор жижиг намуудыг булаацалдан “Биднийг дэмжээч” гэж урьдаг. Бид улс орныг эрүүл саруул байлгахын төлөө байнга дуу хоолойгоо өргөж байгаа. Монголын улс төрийг цэвэр байлгахын төлөө тэднээс илүү ажиллаж байгаа.
Т.Хулан
Сэтгэгдэл (23)