
Статистикийн тухай хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагаа явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Зөвлөл ажилладаг. Зөвлөлийн зарим гишүүдийн албан ажлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн болон статистикийн мэдээ, мэдээллийн чанар, бодитой, шуурхай, нэгдмэл байдлыг хангах үүднээс зарим байгууллагын төлөөллийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж Үндэсний статистикийн хорооноос уг Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулах санал ирүүлсэн байна.
Статистикийн тухай хуульд Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байхаар заасан байдаг. Түүнчлэн Зөвлөлийн 3 гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож УИХ томилохоор заажээ.
Хуулийн энэхүү заалтын дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг, Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Цогтгэрэл нарыг санал болгосон байна. Энэ асуудлыг өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд тогтоолын төслийг батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан гишүүн А.Бакей, Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, С.Ганбаатар нар асуулт асууж хариулт авав. Статистикийн мэдээлэл, бодит байдал хоёр зөрүүтэй байгаа талаарх гишүүдийн асуултад Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан өгсөн хариултдаа тус хороо олон улсын аргачлалын дагуу мэдээллээ боловсруулдаг, мэдээллийн бодит байдалд эргэлзэх зүйлгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэв.
Ингээд Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 86.9-90.7 хувийн саналаар нэр дэвшигчдийг дэмжсэн тул уг тогтоолын төслийг батлагдсанд тооцов.
Дараа нь “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ асуудлаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулсан юм.
Тогтоолын эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалгахад хуралдаанд оролцсон 53 гишүүний 45 нь буюу 84.9 хувь дэмжлээ.