
Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн оны есдүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт говийн их болон бага дархан цаазат газрыг төрийн тусгай хамгаалтаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж байгааг сануулсан нэгэн албан бичгийг хүргүүлжээ. Түүний бичигт дурдагдсан газар нь "Талын мэлтэс", "Хатан суудал" гэсэн алт, төмрийн нөөц бүхий газар юм. Улмаар Ч.Сайханбилэг өөрийнх нь албан бичигт хариу өгөхийг хүссэн байна.
Харин Ч.Сайханбилэгийн албан бичгийн хариуг Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр хүргүүлжээ. Ингэхдээ Говь-алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах тус газруудыг тусгай хамгаалалтаас гаргах боломжгүй. Учир нь тус газар нутгийг мэргэжлийн хүмүүсийн судалгаанд үндэслэн 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр дархан цаазтай газар болгосон. Энэ бүс нутаг нь мазаалай баавгай, хар сүүлтэй зээр, хулан, цоохор ирвэс, шилүүс, аргал, янгир, хонь, цоохондой, сибир алаг, даага бозлог зурам гэх мэт олон төрлийн ховор амьтдын нутаг . Тийм учраас энэ газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах боломжгүй гэжээ.
АН, Говь-Алтай аймгийн засаг захиргаа, ИТХ-ыг авахаар удаа дараа хууль бус ажиллагаа явуулсан. Мөн одоо дахин сонгуульд ялахаар улайран зүтгэж байгаа нь тэнд байгаа хоёр ордыг ашиглах, эсвэл хэн нэгэнд авч өгөх гэсэн санаархал. Тэнд байгаа "Хатан суудал", "Талын мэлтэс" орчмын газарт их хэмжээний алттай гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон учраас эрх баригчид үүнд шунаж, энэ сарын 19-нд болох сонгуулиар АН-ыг ялалт байгуулахаар улайрч байна. Тэд тус аймгийн Засаг даргаар өөрийн намын хүнийг томилж байгаад Говийн их дархан цаазтай газрын ашигт малтмалыг ашиглах гэж байна. Хуулинд дархан цаазтай газрыг тусгай хамгаалалтаас гаргах зөвшөөрлийг тухайн нутгийн Засаг дарга шийддэг гэж заасан байдаг. Тэгэхээр МАН-аас сонгогдсон Засаг дарга өөрсдийнх хүсэлтийг зөвшөөрөөгүй учир өөрийн намын хүнийг Засаг даргаар томилж тус газрын баялагийг ашиглаж, тусгай хамгаалалтай газрыг сүйтгэх гэж байна хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэв. Хэрвээ энэ мэт хууль бус үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлсээр байвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)