
Дээрх ажлын хүрээнд хавсралтад дурдсан газруудын хил зааг оршиж байгаа аймгийн хувьд улсын тусгай хамгаалалтаас тухайн газрыг гаргахтай холбогдсон асуудлаар яаралтай саналаа ирүүлнэ үү” гэжээ. Яг ингэж бичсэн байв.
Харин Засаг дарга Ш.Амгаланбаяр үүнд шийдвэртэй хариу өгч, энэ асуудлыг дэмжихгүй гэсэн байв. Харин үүнээс болж тэрбээр Засгийн газрын шахалтад өртөж эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Энэ Ч.Сайханбилэг эрүүл үү. Ямар учраас дэлхийд ховорт ордог, шим мандал, биологи, экологийн бүтцээрээ дэлхийн шинжлэх ухааны онцгой бүст багтсан энэ газрыг ухаж төнхөнө гэж улайрах болов.
Тэр ч бүү хэл хөхөө өвлийн хүйтэнд, уурхайн дажин эхлээгүй байхад “Яаралтай хариу өг” гэж шахаж шантаажлах нь юунаас үүдэлтэй вэ.
Монгол Улсад 20 гаруйхан үлдээд байгаа, дэлхийн өөр ямар ч улсад байхгүй мазайлай баавгай, ирвэс, тахь, шилүүс, хавтгай, янгир, аргаль, өөр олон төрлийн ховор ан амьтан, улаан гоёо зэрэг нүдний гэм болсон өвс, ургамал Ч.Сайханбилэгийн онилсон газруудад л байдаг юм билээ.
Ашиг олно гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцахаа больсон гэдэг дарга нар, Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газарт булхай луйврын лицензээр олгогдож, сэглэгдсэн газрууд бага санагдаад байтлаа бүр дархалсан нутгийг үгүй хийх нь л дээ. Тийм л мөнгөнд дуртай юм бол нүдээ ухаад өг. Та нарын нүд угаасаа ард түмэнд тийм ч их хэрэг болохгүй.
Хамгийн гол нь, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр учиргүй яараад байгаа энэ тогтоол Монгол Улсын Үндсэн хууль хийгээд Байгаль орчныг хамгаалах, Ан амьтны, Ашигт малтмалын хуулиудын зааль бүрийг зөрчиж байгаа ноцтой хэрэг гэхэд буруудахгүй.
Үүнээс гадна Монгол Улс нэр төрөө өмнөө барин нэгдэж орсон олон улсын Биологийн төрөл зүйлийн конвенци, Улс дамнан нүүдэллэдэг зэрлэг зүйлүүдийг хамгаалах тухай Боннын концвенци, Риогийн тунхаглалыг ч эсэргүүцэж байгаа хэрэг юм.
Говь-Алтай аймгийн нутаг, Их, Бага дархан газрын бүст ордог Хатан суудал, Талын мэлтэс зэрэг “азгүй” газрууд чухам юунаас болж Засгийн газар, Ч.Сайханбилэгийн шуналыг хөдөлгөсөн юм бол. Монгол нутгийн алхам бүрт эрдэнэ булаастай байдаг гэсэн. Тэгэхээр нэртэйгээр нь Монгол Улсын 1.556.500 км.кв газар нутагт бүгдэнд нь лиценз олгочихооч.

zindaa.mn
Сэтгэгдэл (10)