Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Журам батлах тухай” А/64 дүгээр тушаалын хавсралтаар "Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон холбогдох үйл ажиллагааны журам”-ыг баталсан.
Журмын 4.3 дахь хэсэгт боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг заасан бөгөөд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран "Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын хөтөлбөр” боловсруулах, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн багш бэлтгэх их, дээд сургуулийн багшлах эрхийн гэрчилгээ олгох хөтөлбөрт дүгнэлт гаргаснаар шаардлага хангасан их дээд сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн МУБИС, СЭЗИС, ОУУБИС, Отгонтэнгэр их сургуулиуд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, МУИС болон Орхон их сургуулиудад бүртгэл хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар "Багшлах эрхийн гэрчилгээ олгох" сургалтад нийт 199 иргэн бүртгүүлснээс шаардлага хангасан 75 иргэн суралцаж байна.
Мөн журмын 2.3 дахь хэсэгт "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах эрхийг чадамжид суурилсан сургалтаар бэлтгэнэ", 2.4 дэх хэсэгт "Мэргэжлийн сургалтын байгууллагад багшлах эрхийг сургах зүйн чадамж эзэмшүүлэх сургалтаар бэлтгэнэ" гэж тус тус заасны дагуу Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хөтөлбөртөө дүгнэлт гаргуулсан байгууллагууд сургалт эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.
Багшлах эрхийн чадамжид суурилсан сургалтад 105 багш хамрагдахаас өнөөдрийн байдлаар 80 багш бүртгүүлсэн бол сургах зүйн чадамж эзэмшүүлэх сургалтад 30 гаруй иргэн бүртгүүлээд байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.