Энэ цагийн балетын урлагийн тод гялалзах од, МУГЖ, УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужинг уншигч тантай уулзуулъя. Тэрбээр 35 жил тасраад байсан балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг үргэлжлүүлж Монголын сонгодог урлагт нэгэн шинэ түүх бичсэн нэгэн юм.
-Хэзээ балетчин болох гараагаа эхэлсэн бэ? Гэр бүлийнхний нөлөө бий юу?
-Анх ээжийн найз, МУГЖ Ц.Наранханд эгчийн тоглолтыг үзэж байлаа. Тухайн үеэс л балетчин болъё гэх бодол төрсөн. Тэгээд л ээж бид хоёр Хөгжим бүжгийн коллежийн балетын ангийн шалгаруулалтад орсон юм. Цаг хугацааны хувьд гэвэл 2005 оны есдүгээр сарын нэгнээс балетаар хичээллэж эхэлсэн дээ.
-Сургуулиа төгсөхөөсөө өмнө УДБЭТ-ын босгыг алхсан юм билээ.
-Тийм ээ. Сургуулиа төгсөхөөс хоёр жилийн өмнө буюу 2010 онд УДБЭТ-т гэрээгээр ажиллаж эхэлсэн. Хоёр жил кардио балетын бүжигчнээр бүжиглэж байгаад сургуулиа төгсөөд театртаа үргэлжлүүлэн ажилласан.
-УДБЭТ-ын тайзан дээр гарах тэр мэдрэмж ямар байсан бэ? Маш том тайз шүү дээ...
-Гайхалтай байлгүй яах вэ. Анх тайзан дээр гарахдаа “Хунт нуур” бүжгийн кардио балетад гарч байлаа. Маш мундаг бүжигчидтэй нэг тайзан дээр зэрэгцэж гарна гэдэг бол маш их бэлтгэл сургуулилт шаарддаг. Миний анхны тоглолт байсан учир гэр бүлийнхэн маань ирж үзэж байсан. Жүжиг дууссаны дараа ах ирээд “алдаа гаргаж, жүжгээ үймүүлчихвий гээд их сандарч байлаа, гэхдээ чамайг ялгаж харж чадсангүй” гэж билээ. Намайг тайзан дээр гарахыг хараад гэрийнхэн маань миний өмнөөс их л сандарсан даа.
-Хунт нуур бол эмэгтэй балетчидын мөрөөдөл шүү дээ. Таны хувьд хэзээ Хунт нуурт гоцолсон бэ?
-Театрын тайзнаа гарснаас хойш зургаан жилийн дараа Хунт нуур балетад гоцолж эхэлсэн. Хунт нуур бол цэвэр классик, сонгодог балет учир маш хэцүү. Алхаа гишгээ, нэг гарын байрлал хүртэл заагдсан байдаг.
Мөн нэг жүжигт цагаан хун буюу зөөлөн чанарыг, хар хун буюу хатуу ширүүн чанарыг нэг хүн үзүүлнэ гэдэг амаргүй л дээ.
Үүнээс гадна хар хунгийн 32 эргэлт гэж бий. Тэр эргэлт жүжгийн турш маш их ядарсны дараа хийгддэг эргэлт учир их ур чадвар шаарддаг.
-Балетчин хүн маш их тэсвэр тэвчээр үүрдэг юм шиг. Наад зах нь хөлийн өлмий дээрээ олон цагийн турш бүжиглэнэ гэдэг амаргүй байх...
-Анх балетаар хичээллэж байх үед хөлөө хэрхэн арчлахаа мэддэггүй байсан л даа. Тухайн үед хөл маш их цэврүүтнэ. Яваандаа эгч нарыгаа харж, каскигаа хэрхэн өмсөхийг сурсан. Цэврүүтэх бол хамгийн энгийн өвдөлт. Гэхдээ багаасаа хичээллэж эхэлсэн болохоор булчин шөрмөс гэмтэх, цэврүүтэх зэрэг биеийн гэмтэлд тэвчээртэй, тэсвэртэй болчихдог ч юм шиг.
Балет бол зөвхөн биеэрээ хийдэг урлаг биш шүү дээ. Балет бол бие, ухаан, сэтгэл зүрх гээд бүх зүйлийн цогц. Гоё биетэй, сайн үсрэлттэй хэр нь сэтгэл зүрх, ухаанаа зориулж чадахгүй байгаа бол үр дүн гарахгүй л гэсэн үг.
-99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гээд ярих нь бий. Балетын урлагийн тухайд эсрэгээрээ юм шиг?
-Мэдрэмж, мэдлэг, ухаанаас гадна хичээл зүтгэл хэрэгтэй. Мөн төрөлхийн гоё гар хөл, авьяас, царай зүс их чухал. Учир гэвэл энэ бол тайзны урлаг шүү дээ. Урлаг бол мэдээж гоо үзэмж дээр суурилдаг. Тэгэхээр бүх зүйл л чухал болчхоод байгаа биз. Үүнийг 99, 1 гэж хуваах ямар ч боломжгүй. Энэ урлагаар хичээллэхийн тулд маш олон зүйлд зэрэг анхаарах хэрэгтэй болдог.
-Хүрэхээр зорьж буй мөрөөдлийнхөө аль хэсэгт явж байна вэ?
-Хүн ер нь мөрөөдөх өө зогсоодоггүй байх. Мөрөөдөл зогссон үед л диваажингийн орон руу явдаг болов уу. Гэр бүл, хувийн карьер талаасаа мөрөөдөх зүйл их байна. Жил ирэх тусам л мөрөөдлүүд минь өөрчлөгдсөөр байна даа. Балетын тухайд энэ урлагт өнгөрүүлсэн 20 жилээ үр дүнтэй өнгөрүүлснийхээ үр шимийг хүртэх ёстой гэж боддог.
-Тайзан дээр гараад хэдийн 14 жил болжээ. Энэ хугацаанд гоцолж үзээгүй дүр бий юу? Цаашид ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ?
-Бүхий л сонгодог болон үндэсний балетад гоцолсон. Жил ирэх тусам зарим зүйлс өөрчлөгдөж буй учраас шинэ уран бүтээлүүд тавигдаж байна. Тиймээс шинэ, орчин үеийн балетуудад тоглох юмсан гэж боддог. Мөн цаг хугацаа, боломж нь таарвал эсрэг дүрд гарч үзмээр байгаа. 14 жил балетын тайзанд гарахдаа эсрэг дүр бүтээж байгаагүй.
-Тэтгэвэртээ гарахад 6 жил үлджээ. Энэ зургаан жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ?
-Бид 20 жилээр тэтгэвэртээ гардаг. Миний хувьд тэтгэвэртээ гарсан ч балетаа орхиж чадахгүй л дээ. Балетаар хичээллэхийг хүсдэг хүүхэд, залуучуудад өөрийн олж авсан туршлагаа хуваалцмаар байгаа. Анх энэ урлаг руу орсон л бол зууралдсаар байгаад л дуусдаг юм шиг байгаа юм.
-Балетыг өөрийнхөөрөө тодорхойлбол?
-Таван мэдрэхүйн цогцыг балетын урлаг гэж боддог. Яагаад гэвэл балетын урлаг бол маш их мэдрэмж шаарддаг. Бид амаараа юу ч хэлэхгүйгээр биеэрээ үзүүлдэг. Мөн биеийн хэлэмжийг хүн болгон ойлгож чадахгүй. Тухайн жүжгийн утга санааг ойлгож, тэр мэдрэмжийг 500, цаашлаад мянган хүнээс салгахгүй байх ёстой. Нэг үгээр хэлбэл, мэдрэмжүүдийн оргил бол балетын урлаг.
-Тоглолтын үед алдаа гаргах тохиолдол гарна биз?
-Тайзны урлаг гэдэг бол амьд. Нэг нь унавал унана. Өөр ямар ч арга байхгүй. Жүжигчин хүний хамгийн чухал зүйл бол эвгүй байдлаас хурдан гарч сурах. Тайзан дээр бүү хэл, бэлтгэл дээрээ ч 100 хувь хийнэ гэж байхгүй шүү дээ. Би нэг удаа тайзан дээр унаж байлаа. Нэг хөл маань нэг хөлөө дагаж яваад л. Тэгээд халтираад газар уначхав. Тайзан дээрх асаалттай ганц гэрэл нь миний дээр тусаж байсан юм. Хоёр нүднээс нулимс бөмбөрөөд л. Гэсэн ч жүжигтээ орж инээх ёстой байсан учир инээмсэглэсэн. Тэр өдрийн тоглолт дууссаны дараа өрөөндөө ороод буйдан, паар хоёрын завсрын жижиг зайд ороод уйлж байв. Тухайд үед маш их ичиж байлаа. Тайзан дээр унана гэж хэн ч бодохгүй шүү дээ. Өмнө нь бодож ч байгаагүй. Хүн чинь алдаанаасаа л суралцаж амьдардаг шүү дээ.
-23 насандаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялааж байсан үеийг эргэн дурсъя. Тухайн үед олны магтаал, шүүмжлэлийг их хүртэв үү?
-Тухайн үед би 23хан настай байсан шүү дээ. Мэдээж эцэг, эх, багш нар маань маш их баяртай байсан. Үүний хажуугаар 23 насандаа МУГЖ цол авлаа гээд дургүйцэж буй хүмүүс олон байсан. Тухайн үед би дараагийн удаа 18-тай хэн нэгэн МУГЖ цол авахад би замыг нь засаж өгөх юмсан гэж бодсон доо. Би анхнаасаа л өөрийн зорилго мөрөөдлийг тавиад түүнийхээ төлөө явж байсан. Би ямар ч цол тэмдэг авсан хамаагүй нэг л зүг чигт явсан. “Би МУГЖ цол авчихлаа, одоо л бүгдийг хийе” гэсэн зүйл байгаагүй. Хийж, зорьж байсан зүйлээ үргэлжлүүлж өдийг хүрсэн дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун