Манай улс нийт хог хаягдлынхаа 95-97 хувийг байгальд булшилдаг. Ялангуяа орон нутагт хог боловсруулах тал дээр ямар ч шийдэл байдаггүй.
Зөвхөн булж, дарах зориулалттай нүх л бий. Үүнийгээ байгаль орчинд ээлтэй иргэний ухамсарт үйлийг дэмжих арга зам гэж санах нь ч байгаа. Арын дэнж дээрээ хогоо асгачихаад урд голоосоо түүгээд байвал ямар ч нэмэргүй шүү дээ.
Бидний амьдран буй байгальд 396 хог хаягдлын төвлөрсөн цэг буй. Жилд 3,500,000 тонн хог хаягдал гардаг гэсэн судалгаа бий. Энэ бол 2022 оны тоон мэдээлэл. Энэ хог хаядал нийтдээ 3811.6 га талбайг эзэлдэг байна.
Хог хаягдлын төвлөрсөн цэгийн тоог 2021 онтой харьцуулахад өдгөөг хүртэл 9 цэгээр нэмэгдсэн ба 104.7 га талбайгаар өссөн гэдгийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлсэн байдаг.
Хог хаягдлыг дарж булах технологиор устгах байгальд ээлгүй "эмгэнэл"-тэй сонголт юм. Аймаг, хот, сум, дүүрэг гэлтгүй хорт бодис ялгаруулдаг хог, утаа хоёртоо дарлуулж байна. Хогийн цэгийн ойролцоо амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэх юм. Тал дээр тархан суусан монголчуудад энэ бүхэн төдий л мэдрэгдэхгүй бололтой.
Хог хаягдлыг ангилан ялгаад, боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хот хөдөөгүй алхах хэрэгтэй. 10, 10 саяар жил болгон шахуу хогийн булш ухуулж байхаар өөр шийдэл, гарц гаргалгааг эрэлхийлцгээе. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төсөв мөнгийг ч хүрэлцэхүйцээр шийдвэрлэх, бодлогоор чиглүүлэх зайлшгүй шаардлага бий.
М.Жаргал