Дулааны III дугаар цахилгаан станцын тоног төхөөрөмж хуучирч, 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай, төсөв мөнгөгүйн улмаас урсгал засвараа ч бүрэн хийж чадахгүй, хэсэгчлэн засварлаж иржээ. Тодруулбал 2023-2024 оны өвлийн ачаалалын үед ДЦС бэлтгэл тоноглолгүй, үндсэн тоноглолууд 120 хоног тасралтгүй ажилласан байна. Үүнээс үүдэн эрсдэл нэмэгдсэн аж.
Тус станцын Ерөнхий инженер Н.Чимэддорж "Бид урсгал засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцож байгаа. 2024-2025 онд бас л энэ байдал үргэлжилж байна. Төвийн эрчим систем 14мВт, Улаанбаатарын төвд 31 хувь цахилгаан дулаангүй болно. Гэхдээ бид тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангаад байна. Өнөөдөр 220 тонн уур үйлдвэрлэдэг уурын зуухыг 13.6 тэрбумаар засдаг ч бид 5.9 тэрбумаар хэсэгчлэн засварлаад явж байна. Одоогоор өвлийн бэлтгэл 98 хувьтай байгаа нь өндөр хувь юм шиг боловч хөрөнгө мөнгө хасагдсан.
Станцын үндсэн тоноглол болох зуухнаас гардаг үнсийг нойтон аргаар буюу шингэрүүлсэн байдлаар зөөж тээвэрлэдэг. Энэ ажлыг 2 жилийн өмнөөс эхлүүлчихсэн байх ёстой. Бид өөрсдийн хөрөнгөөр бүгдийг шийдвэрлэх боломжгүй.
Станцын үйл ажиллагаа өвлийн үед зогсвол хот хөлдөж эхэлнэ. Орон сууц, сургууль, банк эмнэлэг зэргийн эрчим хүч тасарна. Одоо бол ашиглалтад орохоор хүлээгдэж буй байрууд руу ч дулаан нийлүүлж чадахгүй байдалтай байна" гэж байлаа.