Нийслэл Улаанбаатар хот дотроо 20 минутад зорчдог болчих гээд л зүүдэлж, мөрөөдөж явна. Гэхдээ түгжрэлд сэрүүнээрээ зүүдэлж явна. Түгжрэлийг бууруулах хороо хүртэл байгуулсны гавьяаг одоо хүртэл үзээгүй л явна. Өдгөө 20 минутын хот төслийн үндэсний хороог УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн ахалж байгаа. Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар ногоон автобусны хэргээр унаж, Б.Дэлгэрсайхан "түгжирч" байгаад Зам тээврийн сайдаар дэвшээд алга болсон. Одоо Р.Эрдэнэбүрэн "шинэ" санаачилга гаргасан мэт, ингээд л түгжрэхээ больчих юм шиг хөөрч байна.
Монгол Улс 1999 онд анх Авто тээврийн тухай хуультай болсон түүхтэй. Хууль анх батлагдаж байх үед 70 мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэлтэй байж. Харин өнөөдөр буюу 25 жилийн хойно нийслэлд л гэхэд 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.
Буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг хязгаарлах, хэрэглээнээс шахах оролдлогын тухай бүгд ярьсаар энэ хүрсэн юм. Зөвхөн Р.Эрдэнэбүрэн л толгойгоо ажиллуулаад байгаа юм биш.
Хамгийн их эсэргүүцэлтэй нүүр тулсан тохиолдлоос эхэлье. 2013 онд Э.Бат-Үүл тэргүүтэй хотын удирдлагууд бүр Ням гарагт буруу талдаа жолооны хүрдтэй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай ярьж байсан. 2015 оны УИХ-ын нэгдсэн чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байх үеэр тухайн үеийн УИХ-ын гишүүн М.Зоригт "буруу талдаа жолооны хүрдтэй машин"-ы асуудлыг хөндөж байв. Гэхдээ тэр нь түгжрэл бус ослыг бууруулах тухайтад байв. Түүнээс гадна Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгаж ч байсан удаатай юм билээ. Хожим хотын дарга Д.Сумъяабазарын үед ч буруу талдаа жолооны хүрдтэй машины асуудал яригдаж байлаа. Ийнхүү шинэ тутам сэдэв шиг яригдсаар 2024 он хүрчээ.
Р.Эрдэнэбүрэн иргэдийг шахаанд оруулах тухай ярьсан байна билээ. Импортыг зогсоож, яваандаа хэрэглээнээс халах санаа. Арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дугаар олголтын ажлыг хязгаарлах журам гарчихсан. Шинээр дугаар авах хүсэлтэй иргэдийг эрэмбэлж, зөв хүрдтэй, байгалд ээлтэй тээврийн хэрэгсэлд дугаар олгох жагсаалтын дээгүүр бичих юм гэж хотын удирдлагын багийнхан тайлбарласан. Улмаар баян ядуугийн ялгаа ч гаарах нь дээ. Өнөөгийн монголын нийгэм, эдийн засгийн шахаанд орсон иргэд чадах чинээгээр л хувийн өмчтэй, хөл дүүжлэх унаатай болсон. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг оруулж ирэхийг хориглолоо гээд түгжрэл буурчих байсан бол одоо Улаанбаатарын зам дээр машин барагтай үзэгдэхгүй байсан биз.
Зарим мэргэжилтнүүд түгжрэл бус осол буурна гэдэгт ач холбогдол өгч буй. Харин Р.Эрдэнэбүрэн түгжрэлээс гарахаас тэмүүлж байгаа. Алгуур шахаж, хэрэглээнээс эл машиныг шахах юм бол буланд шахуулсан иргэдэд сонголт гарч ирнэ. Түүний эсрэг тэмцэх, жолооны хүрдний байрлалыг солих, машинаа орхиод алхах, зөв хүрдтэйгээс гадна сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэсэн машиныг хоногийн хоолноосоо хугаслаад ч болтугай авах гээд л. Машины жолооны хүрд буюу рулийн байрлалыг солиход руль, аппарат, хянах самбар, цээж утас, тормос гээд л их олон зүйлийг сольдог аж.
Ингээд хотын иргэд бараг л 20 орчим жил ярьсан "үлгэрийн далай"-тай дахин нүүр туллаа. Одоо хэрэгжүүлэх үү, эс хэрэгжүүлэх үү. Энэ бол урт хугацааны бодлогын асуудал болохоос Р.Эрдэнэбүрэн гэгчийн "юм хийж үзэгдэх" богино хүслийн зай биш.
М.Жаргал
Сэтгэгдэл (10)