Монгол Улсын төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Засгийн газраас 2020 оны 10 дугаар сард нэвтрүүлсэн “E-Mongolia” системийг өнөөдрийн байдлаар 2 сая иргэн ашиглаж байна.
Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдийн 88 гаруй хувийг хамарч байгаагаараа онцлог бөгөөд 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цахим засаглалын индексээр 193 орноос 46-р байрт, Ази тивдээ 13-р байрт эрэмбэлэгдэж байгаа нь цахим засаглалын чиглэлд гаргаж буй ахиц дэвшил, шинэ шатны хөгжлийн чухал үзүүлэлт болж байна.
Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухааны хэрэглээ дэлхий даяар эрчимтэй өсөж буй энэ цаг үед Монгол Улс ч цахим засаглалын шинэ шатанд амжилттай шилжиж, олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг шийдлүүдийг төрийн үйлчилгээний системд нэвтрүүлсээр байна.
Энэ чиглэлд хэрэгжүүлж буй хамгийн тод жишээ бол төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем E-Mongolia юм. Дэлхий нийтээрээ хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл (Big Data), дата удирдлагын дэвшилтэт системүүд, дижитал иргэншил, уян хатан, хувьсан хөгждөг ухаалаг технологиудын эрин зуунд шилжиж буй өнөө үед Монгол Улс ч энэ өөрчлөлтөд идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хэрэглэгч төвтэй хэлбэрт шилжүүлэхийг зорьж байна.
Тус зорилтын хүрээнд E-Mongolia системийг улам боловсронгуй болгож, хиймэл оюунд суурилсан шинэ үеийн платформ болгон хөгжүүлэх, төр–иргэний харилцааг дижитал орчинд илүү үр ашигтай, шуурхай болгох ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.