Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчид үүсээд буй нөхцөл байдлын талаар эсэргүүцлээ илэрхийлж, үнэн байдлыг илчилсэн асуудал олны анхаарлыг татаад байв. Тус ЭМТ-ийн дарга (асан) А.Сувдаа нь ажилдаа цагтаа ирдэггүй, ажилчдын зүй ёсны шаардлагыг хүлээж авдаггүй, хэвийн ажиллаж байсан тасгийн үйл ажиллагааг зогсоосон, нүдний эмчийн стандарт өрөөг эмч нарын орж ч үзээгүй амралтын өрөө болгосон, төсөв тавиулах үеэр монголд байгаагүй зэргийг ажилчид дуу нэгтэй хэлж байлаа. Түүнчлэн ЭМТ-ийн эмч нарын цалин хугацаандаа ордоггүй, илүү цагийн мөнгө олгодоггүй, НДШ сүүлийн зургаан сар огт төлөгдөөгүй, нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай, 225 мянган хүн амтай дүүргийн эмнэлэгт эрчимт эмчилгээний 10 ор байх ёстой атал дөрөвхөн ортой, бээлийн маск болон бент хүрэлцээгүй гэх мэт асуудлыг хөндсөн юм.
Гэвч шаардлага тавьсныхаа төлөө эмч нар "Босогч" хэмээн дуудуулж, хэн нэгний явуулсан "хүн" болж хувирдаг байна. А.Сувдаа амралтын өрөөг үзүүлэхдээ өөрөө түлхүүр барьж очин нээж үзүүлсэн юм. Амралтын өрөө рүү орох болгонд түлхүүрэнд ээлж ээлжээрээ гүйх ёстой мэт дүр зураг тэндээс харагдаж байсан билээ. Нүдний эмчээ умгар өрөө рүү оруулаад, 90 жилийн түүхтэй ЭМТ-д хэнд ч нээлттэй биш үзүүлэнгийн өрөө тохижуулсан бололтой. Эдгээр асуудалтай холбоотойгоор ХУД-ийн ЭМТ-ийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулаад байсан билээ.
Цалин хугацаандаа орохгүй байхад ямар их асуудал үүсдэг билээ, ялангуяа манай нийгэмд ганц, хоёр хоногоор хоцорлоо л бол зээлийн мэдээллийн сан гэгчид залгиулна, лизинг гээд л олон асуудал толгой дээр унана. Гэтэл ачаалалтай ажилладаг эмч, сувилагч нарт энэ асуудал яаж туссан байх вэ... Бодох л зүйл.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Энэ асуудлыг удирдлагын зохион байгуулалт, үйл ажиллагаанд дургүйцэн байр сууриа илэрхийлж буй хэлбэр гэж ойлгосон. Зарим байгууллагууд НДШ төлөх ёстой мөнгөө өөр зүйлд зарцуулсан асуудал байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөлд байгаа ч цалин мөнгө тавьж чадахааргүй хэмжээнд хүрээгүй" гэж байв.
Ийнхүү Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч манай төрд нэг асуудал байна. Хариуцлага тооцоод байгаа, "хайрлаад байгаа" эсэх нь ялгагддаггүй. Даргаас буугаад даргын албан тушаалдаа л очдог. Одоо бүр хооронд нь сольж томилж байна шүү дээ. Албан тушаалын солилцоо гэлтэй. Тодруулъя л даа, "Энэрэл" эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатарыг ХУД-ийн ЭМТ-ийн даргаар томилж, А.Сувдааг "Энэрэл" эмнэлгийн даргаар томилсон байгаа юм.
Хариуцлага тооцох гэж толгойг нь илээд өөр газар даргаар тавьдаг байдлаа зогсоох болоогүй юу.
Нийслэлийн ЭМГ-ын харьяа "Энэрэл" эмнэлгийн зарчимд тохирох эсэхийг мэдэхгүй. Хариуцлагатай байх гэсэн зарчим бий юм билээ. Тэр хариуцлагатайдаа энэ асуудлууд босож ирсэн байх уу? Тэр энэ эмнэлгийн удирдлага байж чадахуйц ёс зүйтэй, бусдыг гэсэн сэтгэлтэй нэгэн мөн үү? Эсвэл төр эндхийн удирдлага нь хэн ч байсан яадаг юм гэсэн сэтгэлээр хандав уу... А.Сувдаа өмнөх ЭМТ-ийн өмнөх удирдлагыг АТГ-аар шалгуулж буй гэсэн мэдээлэл байгаа. Үнэхээр өмнөх дарга нь л буруутай байсан юм бол нөхцөл байдал дордохоос урьтаж арга хэмжээ авахгүй яасан юм бэ? гэж гайхмаар. Удирдагчийн алсын хараа гэх зүйл нь харанхуйлчихсан гэлтэй асуудал амралтын өрөөн дээр л харагдаж байх жишээтэй.
М.Жаргал
Сэтгэгдэл (22)