Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хууль тогтоомжийн дагуу Чингис хаан одонг Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын иргэнийг, хоёрдугаарт дэлхий нийтийн энх тайван хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гадаадын иргэнийг шагнан алдаршуулж, Чингис хааны нэр алдрыг дэлхийд дуурсгаж байхаар хууль тогтоомжоор шийдвэрлэсэн. Үүний дагуу энэ жил Дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг эзэн Чингис хааны одонгоор шагнахаар шийдвэрлэсэн" гэв.