Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 2-нд Бямба гаригт тохионо. Энэ өдөр уламжлал ёсоор төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Энэ жил "Чингис хаан” одонгоор НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг шагнахаар шийдвэрлэжээ.
Бан Ги Мүн нь 1944 оны зургаадугаар сарын 13-нд БНСУ-ын Чунжуд төрсөн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө мэргэжлийн дипломатч байсан бөгөөд БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны яаманд ажиллаж байв. Бан Ги Мүн НҮБ-ын энхийг сахиулах, үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр олон чухал шинэчлэлтийг хийсэн гэдгээрээ олны талархлыг хүлээсэн нэгэн юм.
Тэрбээр 2009 оны долдугаар сард Монгол Улсад албан ёсоор айлчилж байжээ. Түүнчлэн 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн төлөөх Боао форумын бага хуралд оролцохоор, 2023 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад тус, тус хүрэлцэн ирж байжээ.
“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
- 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
- 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
- 2022 онд Д.доржготов, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нар
- 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга хүртэж байв.
- 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээнэ.
Сэтгэгдэл (1)