Өнгөрөгч оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдсон байдаг. Үүнээс 29.4 сая нь хонь, 24.6 сая нь ямаа буюу 54 сая бог малтай гэсэн үг. Тэгвэл энэ хэрээрээ малын гоц халдварт өвчин дэгдэх нь их агаад хорио цээрийн дэглэм тогтоохоос аргагүйд хүрдэг. Улсын хэмжээнд 2024 он гарсаар малын гоц халдварт өвчний 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.
Олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний нэг бол мялзан. Манай улс жил бүр мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гадаадаас худалдан авдаг юм. Гэвч тус вакцин зарим даргын халаас руу урсдаг мөнгө болж, хууль бусаар хөлжигчдийн тоо нэмэгддэг байж болзошгүй. Малын мялзан өвчний эсрэг зарцуулах улсын төсвийн мөнгийг завшсан хэрэг илэрч, одоо ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Гэтэл...
ХЭРГИЙГ ЭРГЭН САНУУЛАХАД...
Эргэн сануулахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны наймдугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга, профессор З.Батсүх нарыг баривчилсан байдаг. Гэвч дараа нь батлан даалтад гаргаж, гадуур шалгаж эхэлсэн. Улмаар "Д.Түмэндэмбэрэл ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ давуулан ашиглаж, яаралтай дамжуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2, 34.1.9 дэх заалтуудыг зөрчиж, БНЭУ-ын нэр бүхий компанитай 2018-2020 онуудад хэд хэдэн удаа гэрээ байгуулж, нийт 3.9 тэрбум төгрөг шилжүүлэн авсан. Харин З.Батсүх нь компани үүсгэн байгуулж, Энэтхэг улсын Хестэр бионсес лимитэд компанитай 2016 онд агентын гэрээ байгуулж, дээрх мөнгийг угааж, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй" хэмээн хэргийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл эл хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, шүүхийн шатанд явж байгаа юм.
МЭЕГ-ын дарга А.Нарантуяа "малын вакцин"-аар
төрийн мөнгө халааслагчдын араас орсон уу?
2024 оны 06 сарын 27-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Энэтхэг улсын “Hester bioscience limited” компанийн Африк улс дахь салбар үйлдвэр болох “Hester bioscience africa limited” компаниас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг худалдан авахаар гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлжээ. Энэ нь өдгөө ч шүүхийн шатанд яваа хэргийн эзэн МЭЕГ-ын дарга асан Д.Түмэндэмбэрэлийн тендерт шалгаруулж, вакцин авч байсан компани аж.
Өмнө нь тухайн үйлдвэрээс Монгол улс 1 тун нь 0,093 ам.доллараар хэд хэдэн удаагийн худалдан авалтыг хийсэн. Гэтэл энэ удаа 1 тун нь 0,045 ам.доллар болон огцом хямдарч гэрээ байгуулж байгаа нь өмнөх хэргийг тодотгосон үйл явдал гэмээр.
Энэ жилийн тендерт оролцсон гадаадын вакцины үйлдвэрүүд олон улсын цахим тендерийн баталгааг ирүүлээгүй байхад үнэлгээ хийж шалгаруулсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн асуудал гэж эх сурвалж үзэж байна. Аж ахуй эрхлэгч тендер илгээснээр оролцогч болох тул тендерийн баталгаагүй нь тендер нээхгүй байх үндэслэл болох ба оролцогч гэж үзэхгүй аж.
Тус компанийг төлөөлөх эрхтэй гэх Raj Kumar Gera нь Танзани улсын хуулиар төлөөлөх эрхтэй эсэх нотлох баримт байхгүй, паспортын хуулбар ирүүлээгүй нь тендер шалгаруулалтын баримт бичгийн 1 дүгээр бүлгийн 16.3.1-т гадаадын хуулийн этгээд бол “түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг” ирүүлнэ гэж заасан шаардлага хангахгүй байна.
Тухайн компани нь 825,000 ам.долларын үнэ санал болгосон нь тендер үнэлэх шатанд бусад компаниас өндөр үнэтэй байсан ч хууль зөрчин шалгаруулжээ.
Захиалагч тус вакциныг олон улсын AU-PANVAC, Cirad сертификаттай байна гэж гэрчилгээг хавсаргахыг шаардсан ч “Hester Biosciences Africe Limited” компани 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн QCR2633 дугаартай AU-PANVAC, Cirad байгууллагын 2021 оны 09 сарын 06-ны өдрийн “SANITARY Certificate” гэрчилгээ ирүүлсэн нь зөвхөн Танзани улсын компанид зориулан урьдаас ярьж тохиролцон тендерийн техникийн тодорхойлолтод оруулсан байхаар харагдаж буй аж.
Бусад төрлийн вакцины тендерт бол Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын итгэмжлэгдсэн олон улсын лавлагаа лабораториор баталгажуулсан байх ёстой гэж заасан байгаа нь мялзан өвчний вакцины тендерт Танзани улсын компанид давуу байдал олгосон байхаар харагдаж байна. Мөн тендерийн материалд тус үйлдвэрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн баримт бичиг байхгүй байхад шалгаруулалт хийж, гэрээ байгуулах эрх олгож байж болзошгүй байна гэж эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (4)