Бид та бүхэнд эхээс төрөөд өөр өөр гэр бүлд зарагдаж, амьдрал нь салсан ч эргээд нэгнээ олж чадсан ихрүүдийн ГАЙХАЛТАЙ түүхийг хүргэж байгаа билээ. Уг нийтлэлийн хоёрдугаар хэсгийг та яг одоо уншиж байна. Нэгдүгээр хэсгийг ЭНД дарж уншаарай!
Эхний хэсэгт бид охидын нэгнээ олсон сонирхолтой түүх, нэгэнтэйгээ биечлэн уулзаж, танилцах хүртэлх мэдээллийг оруулсан. Одоо тэд өөрсдийг нь зарсан гэж боддог төрсөн ээжтэйгээ нүүр тулна.
Тэд уулзахаар тохиролцож, долоо хоногийн дараа Гүржийн Тбилис хотын Руставели метроны буудлын урсдаг шатан дээр хамгийн анх нэгнээ бодитоор харав.
"Би яг л өөрийгөө толинд харах шиг санагдсан. Адилхан царай, дуу хоолой. Би бол тэр, тэр бол би гэдгийг тэгэхэд ойлгосон" гэж Эми ярьжээ. Тэд тэр үед л өөрсдийгөө үнэхээр ихэр гэдгийг ойлгосон байна. "Би тэврэх дургүй, гэхдээ би түүнийг тэвэрсэн" гэж Ано хэлэв.
Үнэнг мэдсэн охид гэр бүлийнхэнтэйгээ нүүр тулахаар шийджээ. Тэднийг 2002 онд тус тусад нь хэдэн долоо хоногийн зайтай айлд өгсөн байв. Эми бухимдаж, түүний амьдрал бүхэлдээ худал байсныг мэдэрсэн. Толгойноосоо хөл хүртэл хар хувцас өмсөх дуртай тэрбээр хатуу ширүүн харагддаг ч, хацартаа сормуусны будгаа урстал уйлсан байв. "Энэ бол галзуу түүх. Гэхдээ үнэн" гэж тэр хэлэв. Харин Ано "Гэр бүлийнхэндээ маш их уурлаж байсан ч би зүгээр л хэцүү яриагаа дуусгаж, бид цаашаа яахыг ярьсан" хэмээжээ.
Илүү гүнзгий ухаж үзвэл ихрүүд өөрсдийн албан ёсны төрсний гэрчилгээн дэх дэлгэрэнгүй мэдээлэл, тэр дундаа төрсөн он сар өдөр нь буруу байсныг мөн олж мэджээ. Хүүхэдтэй болж чадахгүй байсан Эмигийн одоогийн ээжид найз нь түүнд орон нутгийн эмнэлэгт хүсээгүй хүүхэд байгаа гэж хэлснийг мөн мэдсэн байна. Улмаар ээж нь эмч нарт мөнгө төлсөн нь хамгийн аймшигтай мэдээ байв. Аногийн ээж ч мөн адил түүх ярьжээ.
Өргөж авсан гэр бүлүүдийн хэн нь ч охидыг ихэр хүүхэд гэдгийг мэдээгүй бөгөөд үрчилж авахын тулд багагүй мөнгө төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэх нь хууль бус гэдгийг ойлгоогүй гэж тайлбарлажээ. Гүрж улс тухайн жил үймээн самуунтай үеийг туулж байсан бөгөөд эмнэлгийн ажилтнууд оролцсон тул үүнийг хууль ёсны гэж үзсэн. Хэр их мөнгө өгснөө гэр бүлийнхний аль нь ч хэлээгүй. Ихрүүд төрсөн эцэг эх нь ашиг хонжоо олохын тулд тэднийг зарсан болов уу? гэж бодохоос аргагүйд хүрэв.
Эми өөрсдийн төрсөн ээжийг хайж олохыг хүссэн ч Ано итгэлгүй байв. "Чи яагаад биднээс урваж болох хүнтэй уулзах гээд байгаа юм бэ?" гэж Ано тур үед хэлжээ. Эми төрөхдөө хууль бусаар үрчлэгдсэн байж болзошгүй хүүхдүүдэд тусалж, Гүржийн гэр бүлүүдийг нэгтгэх зорилготой фэйсбүүк групп олж, түүхээ хуваалцжээ.
Германд байдаг нэгэн залуу эмэгтэй хариулахдаа ээж нь 2002 онд Кирцхийн амаржих газарт ихэр охин төрүүлсэн бөгөөд тэднийг нас барсан гэж хэлсэн тухай тэр ярьжээ. Яг л тэдний түүх шиг. Гэхдээ ондоо түүх...
ДНК-ийн шинжилгээгээр фэйсбүүк группийн гишүүн өөр эмэгтэй тэдний эгч байж таарсан бөгөөд төрсөн ээж Азагийн хамт Германд амьдардаг байсан нь тогтоогджээ. Эми Азатай уулзахыг маш их хүсч байсан ч Ано илүүтэйгээр эргэлзэж байв. "Энэ бол чамайг зарж чадсан хүн, тэр чамд үнэн хэлэхгүй" гэж тэр анхааруулав. Гэсэн ч тэр Эмиг дэмжихийн тулд Герман руу явахыг зөвшөөрсөн юм.
Ихрүүдийн ашиглаж байсан фэйсбүүк групп Ведзеб нь гүржээр "Би хайж байна" гэсэн утгатай. Эмнэлгийн ажилтнуудаас хүүхдүүдээ нас барсан гэж сонссон ч дараа нь нас баралт бүртгэгдээгүй, хүүхдүүд нь амьд байж магадгүй гэж дуулсан ээжүүдийн тоо томшгүй олон нийтлэл тэнд байдаг. Бусад нийтлэлүүд нь Эми, Ано зэрэг төрсөн эцэг эхээ хайж буй хүүхдүүдийнх юм.
Тус групп нь 230 мянга гаруй гишүүнтэй. Үүнийг сэтгүүлч Тамуна Мусеридзе 2021 онд өргөмөл гэдгээ мэдсэнийхээ дараа байгуулжээ. Тэрбээр талийгаач ээжийнхээ гэрийг цэвэрлэж байхдаа өөрийн жинхэнэ мэдээлэлтэй төрсний гэрчилгээгээ олсон гэдэг. Тэрбээр олон зуун гэр бүлийг эргэн нэгдэхэд тусалсан ч өөрийн жинхэнэ гэр бүлийг олоогүй нь харамсалтай. Тэр мөн мэргэжлийн онцлогоо ашиглан 2006 оныг хүртэл Гүржид газар авч байсан хүүхэд үрчлэлийн хар түүхүүдийг эл болгожээ. Түүний түүх Эми, Ано хоёрынхтой ижил.
Нийтлэлийн нэдүгээр хэсгийн эхлэлд охид ээжтэйгээ уулзахаар, олон жилийн бугшсан үнэнг эл болгохоор Германы Лейпциг дэх зочид буудалд төрсөн ээжтэйгээ уулзахаар бэлдэж байгааг, мөн сандарч байгааг харуулсан. Ано бодлоо өөрчилсөн тул буцах хүсэлтэй байгаагаа хэлэв. Гэвч энэ нь түр зуурын гомдол, сэтгэл хөдлөл байлаа. Тэдний төрсөн эх Аза өөр өрөөнд мөн л сандран сууна. Эми хаалгыг эргэлзэн онгойлгоход Ано араас нь даган оров. Аза урагш гүйж хоёр охиноо чанга тэврэв. Хэдэн минут өнгөрсөн ч тэдний уйлах чимээ л өрөөг дүүргэнэ.
Эми хамгийн их уйлсан нь, харин Ано чанга хэвээр тэвчинэ. Хожим ихрүүд ээж нь төрснийхөө дараа өвдөж, комд орсон гэдгийг мэджээ. Түүнийг сэрэхэд эмнэлгийн ажилтнууд хүүхдүүд төрсний дараахан нас барсан гэж хэлсэн аж. Эми, Ано хоёртой уулзсан нь түүний амьдралыг шинэ утга учиртай болгосон гэж Аза хэлэв. Одоо тэд хэдий ойр дотно биш ч харилцаа холбоотой хэвээрээ байгаа гэнэ.
2022 онд Гүржийн засгийн газар хүүхэд худалдаалах түүхэн гэмт хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн. Сэтгүүлчид хар түүхийг сөхөж, эл болгосон ч тус улсын засгийн газар ямар ч мэдээлэл хийгээгүй хэвээр буй.
Л.Сайнаа