Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны "Ангир уураг" шүлгийн түүвэр дахин хэвлэгджээ.
Тус ном нь найрагчийн хоёр дахь бүтээл бөгөөд анх 1991 онд "Монгол уран зохиол" хэвлэлийн газарт хэвлэж байжээ. Энэхүү түүвэрт найрагчийн 1970-90-ээд онд бичээд хэвлүүлж амжаагүй шүлгүүд багтсан юм.
Тэрбээр ”Ангир уураг”, "Хос уянга", “Уянгын тойрог”, “Гашуун өвс”, “Морин зэрэглээ” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, уншигч, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн олон дууны шүлгийг туурвиж байжээ.
Бид танд уг номоос ТАВАН шүлэг онцолж байна.
"...Замбуулинг орхихын цагт мину
Зай надад тавьж байгаарай!..." (тэмдэглэлийнх нь дэвтрээс)
Аргалын цог шиг улаан чулуутай
Асаж байдаг дөл уул минь
Алгандаа атгаж тэнцэг гэж
Алаг чулуу өгсөн хөл уул минь
Аадар шуурган алинд ч хүн малын нөмөр
Асгатай цэнхэр гэр уул минь
Алдаа, алдар хоёроос бусад нь сонсогдохгүй алсад
Авч явдаг нэр уул минь
Хар цагааны дэнс уулс минь
Харц миний "Жинс" уул минь
Харийн нуур Халзан Бөзөнхийн сүлдэн уул минь
Хажууд нь нэрий нь хэлдэггүй сүсэг уул минь
Улбаа жим жилэрсэн энгэрт чинь
Унасан одод шиг гялалзан байдаг
Нэг нэгнэйгээ амь хэлхээтэй чулуунаас чинь
Нэгий нь би аваад явья даа! уул минь
Ааш хөдлөм хүйтэнд
Алгаараа хорголон бүлээцүүлж явья!
Аагиндаа тулсан наранд
Амандаа хүлхэн сэрүүцэж явья!
Өр чимчигнэн санах тоолондоо
Өөг нь элтэл илж явья
Өөрийн минь ганц буурал ширдэг
Өнжүүлээ санахдаа үзэж явья!
Алаг хорвоог орхихдоо
Атгаж нөгчнөө чулууг чинь
Бүхий л элчээ чулуундаа шингээж
Би өөрөө хүйтэн чулуу болно оо
Хөшсөнэ алгыг минь тэнийлгэж
Лугшсан халуун чулууг минь авч
Хөх ууланд минь
Хөргөлгүй хүргэж өгөөрэй! гэж
Хүүдээ би захиж амьсгал отголноо!
Уул минь
Аргалын цог шиг улаан чулуутай
Асаж байдаг дөл уул минь
Алгандаа атгаж тэнцэг гэж
Алаг чулуу өгсөн хөл уул минь
Аадар шуурган алинд ч хүн малын нөмөр
Асгатай цэнхэр гэр уул минь
Алдаа, алдар хоёроос бусад нь сонсогдохгүй алсад
Авч явдаг нэр уул минь
Хар цагааны дэнс уулс минь
Хальсан амины сүнс уул минь.
Унага тамгалах намрын
Урт шаргал өдрүүд
Гүүн зэлний чагтанд бүдрэн цувж
Гүүргийн дуугаар цагаан хяруу хотолно
Хасаг тэргэний дугуй шиг
Хяхналдан нисэх шувууд даган
Уйтай намрын зүсрээ гуниг
Урд намхан ухаа давна
Мөндөр цагаан мөөг савируулсан
Мөлхөө манан уулнаас уугина
Заамын шиврээ нэвчсэн зэл
Санаа алдан эвхэрч үлдэнэ
Тамгандаа эмзэглэсэн унага
Талын дундуур дэгэнцэн давхина
Уртын дууны шуранхай тоолон,
Унаганы эмзэг аяндаа эдгэнэ.
1987 оны намар.
Бөзөнхийн гол
Танил зүүднийхээ улбааг дагаж
Танхил чам руу хичнээн жил жимлэв
Бодол хэрвээ тугалдагсан бол танайх
"Бодын суурь" болох л байлаа
Үйлээ эдэлсэн тэр нүсэр суурийн
Үхэрчин нь гэвэл чи л байх байв
Шее, хайяыг мэдэхгүй чам руу зүтгэх
Үхэр нь гэвэл би байх байлаа.
1982 он
"Нууц товчооны 750 жилийн ойд"
Байж ядсан хэдэн шумуул
Бавуугийн хүүгийн толгой дээгүүр эргэлдэнэ
Байлдааны онгоц шиг дүнгэнэнэ
Баянцагааны гучин есөн оныг санагдуулна
Чи сайндаа над руу ирээгүй
Чингис амттай цусыг минь
амсах л гэж ирсэн
Дэлхийг цавчиж буцалсан цусыг минь
амсаж гэмээнэ
Дэнжгэр амьтан минь чи
намрын хяруу унатал согтуу явна
Над дундуур Чингисийн цус
Нар зөв эргэж байдгийм...
1989 он.
Нураг уул
Хоёр бор уул
Хормойн цэцгээ тууж
Талдаа "саах" нийлүүлнэ
Холын олон шувууд
Холгосон далиа хумиж
Нуурандаа элгээ нийлүүлнэ
Тэртээ алсын зэрэглээ
Тийшээ ийшээ дайвж
Тэнгэр газрыг нийлүүлнэ
Хорвоог орхисон ижийгээ
ирэх л юм шиг санаж
Холын хөтлийг ширтсээр би
Хонио хургатай нь нийлүүлнэ.
1983 оны хоёрдугаар сарын 05
Л.Баяр