Өнөөдөр Христийн шашинтнуудын гол баяр, Христийн мэндэлсний ой буюу Зул сарын баярын өдөр тохиож байна. Уг баярыг барууны болон дэлхийн бусад улс орнууд өөр өөрийн өвөрмөц ёс уламжлалыг шингээн тэмдлэглэсээр иржээ. Тэдгээрээс бид та бүхэнд хамгийн сонирхолтой, гаж гэмээр тэмдэглэдэг таван улсыг онцолж байна.
1. Австрийн КРАМПУС
Австри улсад баярын өдөр КРАМПУС нэртэй мангас гудамжаар хэрэн тэнэнгээ хүүхдүүдийг айлгаж, муу зүйл хийсэн хүүхдүүдийг шийтгэдэг ажээ. Тэр бол Сүнсний баярын дүр биш харин Санта Клаусын өөр нэгэн хувилбар юм. Австри уламжлалын дагуу Санта Клаус сайн хүүхдүүдийг шагнадаг бол муу зүйл хийсэн хүүхдүүдийг Крампус барьж, шуудайндаа хийгээд байдаг газар руугаа авч явдаг гэх ярианаас үүдсэн уламжлал гэнэ. Тодруулбал, 12 дугаар сарын эхний долоо хоногт залуу эрэгтэйчүүд "Крампус" шиг хувцаслан хүүхэд багачуудыг айлгадаг уламжлалтай.
2. Швед ЯМАА
Швед улсын Евле хотын төв талбайд зул сарын баярын өмнөх өдрүүдэд 13 метр орчим өндөртэй йоль гэх ямааг 1966 оноос хойш байрлуулж эхэлжээ. Үүний зэрэгцээ уг ямаатай холбоотой өөр нэгэн уламжлал иргэдийн дунд тархсан нь аварга том ямааг шатаах гэнэ. 1966 оноос хойш уг ямааг 29 удаа шатааж байснаас 2016 онд хамгийн их сүйдэж байв.
3. Шулмуудаас шүүрээ нуух уламжлал
Зул сарын баяраар Норвеги улсынхан шүүрээ нуудаг нь хамгийн хачирхалтай уламжлал юм. Энэ нь олон зуун жилийн өмнөөс өвлөгдөн ирсэн уламжлал билээ. Уг уламжлал нь зул сарын баярын өмнөх өдөр шулам болон муу сүнснүүд гарч ирж, шүүр унадаг гэж итгэдэг байсантай холбоотой юм. Эрт дээр үеэс өнөөг хүртэл норвегчүүд шүүрээ гэрийнхээ хамгийн аюулгүй газарт хадгалж, хулгайд алдахаас сэргийлдэг байна.
4. Хөгжилтэй ӨВГӨД
Зул сарын баяр болохоос 13 хоногийн өмнө инээдтэй хувцаслаж, сахал зүүсэн 13 эрэгтэй Исландын өнцөг булан бүрт харагдаж эхэлдэг байна. Тэд 13 хоногийн турш Исланд даяарх хүүхдүүд дээр зочилдог бөгөөд тэднийг ирэх өдөр хүүхдүүд цонхныхоо дор хамгийн гоё гутлаа тавьдаг ажээ. Харин өвгөд сайн хүүхдүүдийн гуталд бэлэг хийдэг бол сахилгагүй хүүхдүүдийн гутал дотор муудсан төмс үлдээдэг гэнэ лээ.
5. Бяцхан ЛААНУУД
Колумбичууд цонх, тагт болон байшингийн урд талын талбайдаа лаа болон цаасан дэнлүүг байрлуулдаг бөгөөд бүгд зэрэг асаахад маш сайхан харагддаг ажээ. Хамгийн сонирхолтой баяр Кимбайя хотод болдог бөгөөд хөрш айлууд лаа болон дэнлүүгээ хэн нь хамгийн гоё өрөх эсэхээрээ өөр хоорондоо өрсөлддөг байна.
Л.Сайнаа