Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажиллаж, “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажил албажиж, өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн 184 дүгээр сургууль болж, төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль статустайгаар хичээлээ эхлүүллээ.
Тус хороонд 11 мянга гаруй иргэн оршин суудгаас сургуулийн насны 3900 хүүхэд байдаг. Гэвч төрийн өмчийн сургуульгүй байсан юм. Ийнхүү тухайн бүсэд байгаа хувийн хэвшлийн сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авснаар “Эрин”, “Өнөр” зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцахаар боллоо.
Тодруулбал, тус сургууль нь 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэнэ. Мөн бүх анги тэнхимийн лаборатори нь орчин үеийн багаж хэрэгслээр тоноглогдсон хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартын дагуу байгуулагдсан, хүүхдийн сурах таатай орчин нөхцөлийг бүрэн хангасан сургууль юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС