“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд оролцож буй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, “Эсгий” брэндийн үүсгэн байгуулагч Д.Батжаргалтай ярилцлаа. Тэрбээр 14 дэх жилдээ ноосоор бүтээлүүдээ урлаж буй юм.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
- “Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцдог. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээ охиныхоо хамт урладаг. Охин маань хөгжлийн бэрхшээлтэй юм л даа. Өөрөөр хэлбэл, бид өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг.
-Таны бүтээлүүдийг харахад ихэвчлэн ноосон бүтээгдэхүүнүүд байна. Ноосоор бүтээл гаргахад гар ажиллагаа ихтэй юу?
-Тийм ээ. Гар ажиллагаа ихтэй учир нэг эсгий углааш хийхэд бүтэн гурван хоногийг зарцуулдаг. Мөн дөнгөж төрсөн хөл нь дулаацдаггүй нярайгууддаа зориулсан жижиг бойтог мөн гаргаж байгаа бойтгийг бол нэг өдөрт хийдэг.
-Одоогоор хэдэн төрлийн бүтээл урлаж байна вэ?
-14 дэх жилдээ ноосоор бүтээлүүд хийж байна. Ихэвчлэн захилгаар хийдэг. Тухайлбал, эсгий таавчиг, түлхүүрний оосор, малгай, хэрээсэн хатгамал гэх мэт бүтээгдэхүүнүүдийг урладаг. Сүүлийн үед таавчиг маань ултай болж улам л бүтээлүүд маань өргөжиж байна.
Мөн манай түлхүүрийн оосор Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод энэ сарын 18-нд болох үзэсгэлэнд оролцохоор болсон. Бид өөрсдөө явж чадаагүй ч бүтээлүүдээ явуулсанд баяртай байна.
-Сар шинийн үзэсгэлэн худалдаанд хөл хөдөлгөөн ихтэй байна уу?
-Худалдан авагчид ихтэй байна. Сар шинэ дөхөх тусам худалдан авагчид нэмэгдэх хандлагатай байна.
-Таны хувьд энэ жилийн “Амар байна уу” үзэсгэлэн худалдааны онцлогыг юу гэж харж байна вэ?
-Нийслэлээс бидэнд маш том давуу талыг бий болгож өгсөн. Тухайлбал, үзэсгэлэн худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчдэд талбайгаа үнэ төлбөргүй ашиглуулж байгаа. Энэ нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бидэнд маш том давуу тал болж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Г.Хоролмаа