Боловсролын яамнаас 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчилсэн баталсан юм. Шинэчлэгдсэн хичээлийн жилийн бүтцээр бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дөрвөн улирал хичээллэх товтой болсон.
Арваннэгдүгээр сарын 6-аас нэг долоо амарч, өдгөө "угаар" дотор сургууль руугаа автобусдах нь автобусдаад, алхах нь алхаад, аав ээжээрээ хүргүүлэх нь хүргүүлээд явж байна.
Агаарын бохирдлын хор уршгийг хүртэгч, “хохирогч” нь хүүхдүүд юм. 10,000 хүнд ноогдох өвчлөлийн зонхилох ангилалд амьсгалын тогтолцоо, зүрх судасны өвчлөл багтдаг нь ч үүнтэй холбоотой. Хүйтний улиралд агаарын бохирдлын улмаас уушгины үрэвсэл, багтраа, астма, уушгины архаг бөглөрөлт, хатгалгаа сэдэрдэг байна.
Өдгөө ес эхлээгүй байхад зарим өдөр агаарын чанарын индекс хүлцэх хэмжээг давж байна. Угаас ч ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүйн түвшнээс даруй хэд дахин давсан “бохирдол” нийслэлийг бүрхэн аваад он удаж буй.
PM10 буюу том ширхэглэгт тоосонцор нь агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг байна. Энэ бол “үзэгддэггүй дайсан” л гэсэн үг.
ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралт нэгдүгээр сарын 8-28-ны хооронд бол гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-7-ны хооронд байна. Агаарын бохирдлын хор хөнөөлийг бодвол "өвлийн урт амралт"-тай байж болохоор. Зарим талаар үүнийг дэмжих эцэг эх ч байгаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгаланы тухайтад хичээлийн жилийн "шинэ бүтэц"-д хэр "хүнлэг" хандсан юм бол. Идэр есийн хүйтэнд, хар утаан дотроо "харх шиг л гүйлдсээр" бид.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нэгэн тайлбартаа "Элэгний хавдар утаанаас үүсэж байгаа гэсэн судалгаа бий. Энэ судалгааг хийгээд явж байгаа" гэх үгийг сар гаруйхны өмнө хэлж байлаа.
Цар тахлын үед цахимаар хичээллэсэн нь хоцрогдол үүсгэсэн гэх боловч утаан дундаа яваад л байвал ирээдүйнхээ ирээдүйг балласаар байх бололтой. Өөр арга замаар, гарцыг хайх хэрэгтэйг амьсгалах ч аргагүй утаан дундах их хот харуулж байна. Их хот ч гэлтгүй Монгол Улсыг даяар нь утаа бүрхэж байгааг бүгд л харж буй биз ээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)