Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин үг хэллээ.
Тэрбээр "Хоёр улсын парламентын комиссын анхны хурал нь хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах механизм гэдэгт итгэж байна. Парламентын харилцааны шинэлэг механизмын хүрээнд цаашид байнга холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай. Хоёр улсын парламентын комиссын анхдугаар хурлын зорилго бол эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёл болон бусад салбарын хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллагаас дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.
Манай хоёр улсын хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй. 1921 онд Орос улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байсан.
Үүнээс хойш манай хоёр улс харилцан ашигтай, хамтран ажиллаж, бие биеийнхээ дотоодын хэрэгт оролцохгүй, хүндэтгэх гэсэн зарчимд тулгуурлан хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд хоёр улсын парламент чухал хувь нэмэр оруулж байна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой" гэв.