Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Энэ хурал хоёр улсын парламентын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байна. ОХУ-аас гаргасан шатахуун, түлшний экспортын хязгаарлалтын тухай тогтоолд Монгол Улс хамаарахгүй гэдгийг нотлон хэлсэнд талархал илэрхийлье.
Мөн цаашид шатахууны тогтвортой нийлүүлэлт, хангамж, үнийн асуудлаархи яриа, хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо.
Манай ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг ОХУ-д татваргүй болон татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхийн тулд хориг саадыг арилгах асуудлаар хэлэлцсэн нь комиссын хуралдааны нэг чухал үр дүн юм.
Дараагийн комиссын хуралдааны эхний хэсгийг Москвад хийхээр Оросын тал санал болгосныг бид хүлээн авч байна.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володин “Найрамдал, нөхөрлөл бол хоёр талын урсгал, хөдөлгөөн байх ёстой” гэж хэлсэн. Тиймээс хоёр улсын парламентын энэхүү уулзалтаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, тэдгээрийн үзэл санааг хоёр улсын гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрууд анхааралдаа авч, Улаанбаатар хотноо болох худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаж, хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Эрхэм зочин маань Чингис хааны музейд бэлэгтэй иржээ. Түүхэн үнэ цэнтэй, архивын баримтыг өнөөдөр музейд хүлээлгэн өгнө гэв.