Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өнөөдөр болж байна. Тус чуулганд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулах юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 1,7,61,000 орчим нь эмэгтэйчүүд байна. Монгол Улс жендерийн эрх тэгш байдлыг хангах хуулиас эхтэй олон олон хууль баталсан ч бодит байдалд туйлын хангалтгүй байна. Мөн удирдах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байна.
Эмэгтэй хүний нийгэмд болон гэр бүлдээ, улс орны эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг маш чухал нөлөөтэй.
Боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний дийлэнх ажлыг эмэгтэйчүүд үүрч байна. Ардчилсан нам бодлого, үзэл баримтлалтай, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг хангах бөгөөд хүйсийн тэгш байдал нь манай намын үзэл санааны үндсэн төв юм. Хүйсийн тэгш байдал нь манай намын дотоод ардчиллыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг бий болгоход эмэгтэйчүүдийн үүрэг чухал ач холбогдолтой гэдэг итгэж байна" гэв.