Бороотой, бүрхэг өдөрт тань зориуллаа.
***
Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ...
Ц.Бавуудорж "Дөрвөн улирлын өнгө" шүлгээс...
"Чамайг дуудъя"
Өглөө дэрэн дээр чи бодогдлоо
Энэ сүүлчийн бодол байсан ч яахав ээ
Чамайг дурсъя.
Өндийж босоод хувцсаа цүнхэллээ
Энэ сүүлчийн аян зам байсан ч яахав ээ
Чам руу л явъя.
Өдөр хөөрөх зурвас дээрээс танай хотод буух зөвшөөрөл авлаа
Энэ сүүлчийн тасалбар байсан ч яахав ээ
Чамд л зориулъя.
Өндрөө авсан онгоц үүлэн дээгүүр гарч ирлээ
Энэ сүүлчийн нислэг байсан ч яахав ээ
Чам руу л нисье.
Оройн бүдэг засмал дээгүүр такси хурдаа авлаа
Энэ сүүлчийн хөлсний тэрэг байсан ч яахав ээ
Чам руу л давхия.
Радио хүлээн авагчаар бидний дуртай дуу бүхээг дотор эгшиглэлээ
Энэ сүүлчийн дуу байсан ч яахав ээ
Чамайг л дуулъя.
Үдэш гэрийн чинь гадаа ирлээ
Энэ миний сүүлчийн мөч байсан ч яахав ээ
Чамайг л дуудъя.
О.Цэнд-Аюуш
***
Харанхуй цээжинд лаа асаадаг гэрэлт өдрүүдийг зүхнэм
Хамтдаа гуниглацгаадаг бүрхэг өдөр, бүрхэг өдрийг л хүснэм
Асгарсан бороо, алдарсан нулимс хөрс шороо мэт цээжинд минь шингэдэг
Аяа, тэр бүрхэг өдөр, бүрхэг тэнгэрт л хайртай би
Гэгээн сэрлийн асаасан лаа цоролзон бадрахад нэг л хэсэгтээ
Гэнэн тэнэгхэн, омог бардам, инээд алдан алхдаг
Гэнэт гунигийн салхинд навч хийсэж, сэтгэл дэрвэхэд лаа дөлж
Гэрэлгүй харанхуйн дунд унтраад урссан нулимс нь л халуунаараа царцан үлддэг.
Ай, лааны нулимс, лааны нулимс зүрхийг минь бүлээцүүлж чадахгүй
Асгарсан бороон дуслаас дотно юм энэ мөчид үгүй...
Харанхуй цээжинд гэрэл асаадаг нарт өдрүүдийг зүхнэм
Хамтдаа гуниглацгаадаг бүрхэг өдөр, бүрхэг өдрийг л хүснэм.
Б.Занданхүү
***
Хамгийн сайхан нь нам гүмхэн амьдрах!
Хаврын бороо.., намрын навчисыг үзэх...
Зуны цэцэгс ургаж гандахыг чагнах...
Зулын гэрэлд
шүлэг нэгийг зохиох...
Өвгөн уулсын ян халилыг зүүдэлж
Өнгөт үүлсийн алтан жигүүр дор гуних...
Өнгөрч одсон цаг хугацааг нэхэж
Өлгийн дуулал..,
үхлийн хязгаарт сэрэх...
Хамгийн сайхан нь нам, гүмхэн амьдрах!
Хачин гунигтай нь
энэ бүхнээс уйдах...
М.Уянсүх
***
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.
Л.Өлзийтөгс
Сэтгэгдэл (1)