Эх орныхоо эзлэгдсэн хэсэгт сураггүй алга болсон Украины сэтгүүлч Виктория Рощина өнгөрсөн сард Оросын шоронд хоригдож байгаад нас барсан гэж Украины эрх баригчид даваа гарагт мэдэгдлээ.
27 настай Рощина өнгөрсөн оны наймдугаар сард Украины Оросуудад эзлэгдсэн бүс нутагт сурвалжлага хийх үеэрээ алга болсон юм. Тэр цагаас хойш сэтгүүлч бүсгүйн амьд үхсэн эсэх нь тодорхойгүй байлаа.
Украины Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, Москва Рощинаг баривчлагдсанаас хэдэн сарын дараа буюу дөрөвдүгээр сард л Орост саатуулсан талаар ар гэрийнхэнд нь мэдэгджээ.
Украины хүний эрхийн комиссар Дмитрий Любинец “Надад Оросын талаас хууль бусаар эрх чөлөөгөө хасуулсан Украины сэтгүүлч Виктория Рощина нас барсныг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг байгаа” гэж мэдэгджээ. CNN агентлаг Оросын эрх баригчдаас тайлбар авахыг хүссэн ч хариу ирүүлээгүй байна.
Рощинагийн хамтран ажиллагсад түүнийг эр зоригтойгоор дайны галд үйсэн гэх мэтээр дурсан ярьж буй. Украины сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд нийтэлсэн мэдэгдэлдээ "Түүний үхэл нь санаатай аллагын үр дүн эсвэл Оросууд олзныхонтойгоо хэрхэн харгис харьцдагийн үр дүн гэж үзэх бүрэн үндэслэлтэй" гэж мэдэгджээ. Украины хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлээд буй.
Л.Баяр