126 гишүүнтэй шинэ парламентад МАН-ын жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Хөдөө орон нутгаас хотод ирсэн оюутнууд ариун цэврийн өрөөгөө хэрэглэж чаддаггүй. Дээр нь гишгэж бохир заваан хэрэглэдэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр орон нутагт хүүхдүүд нүхэн жорлонд бие засдаг учраас ариун цэврийн өрөө хэрэглэх дадал, зуршил суугаагүйнх" гэсэн нь цахим орчинд тархаад байна. Нэг талаар энэ бол ялгаварлан гадуурхсан тод жишээ болов.
Энэ үгийг сонссон заримд нь суултуурыг бохирдуулагчид бол нүхэн жорлонтой газрынхан гэх ойлголтыг нийгэмд өгч байна.
Тэрбээр уг нь "Хүний эрх, ялгаварлан гадуурхалтын талаарх эрх зүйн хоосон орон зайг нөхнө, сайжруулна" гэж байж. Асуудлыг хөндөхдөө жишээ татаж сураагүй, хувь хүний үзэмжээр ханддаг нэг гишүүнтэй болжээ. Орон нутаг байтугай Улаанбаатарын гэр хорооллыг нүхэн жорлонгоос ангижруулах тухай бүгд шахам л "зүүдэндээ хүртэл ярих" нь холгүй дуугарч ирсэн. Эцэст нь дорвитой шийдэл болоод бодит үр дүнд хүрээгүй. Хэн нэгнийг доромжлох бус шийдлээ л ярьдаг байя.
Нөгөөтэйгүүр амьжиргааны аль ч түвшинд бай, хэн хаана ч амьдарсаар ирсэн бай, энэ Монгол Улсын алс хязгаараас ч бай, хөдөөнийх л бол харанхуй бүдүүлэг гэсэн үг биш. Хөдөө, орон нутгийнхан гэхээр орчин цагийн хэрэглээний "дайсан" бус. Үүнийг гишүүн бээр нэг л ойлгохгүй байгаа бололтой.
Бодвол, О.Саранчулуун гишүүн орон нутгаас ирсэн оюутнуудыг дагаж, ариун цэврийн өрөө ороод тандалт, судалгаа хийсэн бололтой. Нүхэн жорлонд бие засаж байна гээд гишгүүр дээр нь хүндэрдэггүй л биз дээ. Одоо суултуур дээр гишгэж бие засах тухай боддог хүн байх уу? Хүн гэдэг ичиж эмээж, санаа зовохоо мэддэг амьтан. Орон нутгийн залууст орчин нь байхгүй ч ойлголт нь бий. Нүхэн жорлонгоос хагацахын тулд бусдыг гадуурхах нь тохиромжтой гаргалгаа биш байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нь англи хэлтэй, боловсролтой гэсэн шошгоос гадна монголын анхны нуман хөлтэй гүйгч. МАН-ын биш монголын хүний эрхийн төлөөх тугч байхаар нэгэн. Атал эрдэм өвөртлөхөөр эх орныхоо нийслэлд ирсэн мянга мянган залуусыг төрж өссөн орчноор нь доёолж, "тэд л тийм байхаас зайлахгүй" гэдэг нийгмийн хандлагын шугамыг тавилцав.
М.Жаргал
О.Саранчулуун гишүүн Сүхбаатар аймгийн уугуул иргэн аж. Түүний төгссөн сургууль, мэргэжил, ажлын замналын тухай танилцуулж байна
Төгссөн сургууль, мэргэжил
- 2005 онд Монгол Улсын Их Сургууль Нийгмийн ажилтан, бакалавр
- 2007 онд Монгол Улсын Их Сургууль Нийгмийн ажилтан, магистр
- 2008 онд Израйлын Хэбрүгийн Их Сургууль Нийгмийн эрүүл мэнд, магистр
- 2024 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Нийгмийн эрүүл мэнд, доктор
- 2016 Трентогийн Их Сургууль Компьютерийн ухаан, доктор
Ажилласан байдал
- 2008-2024 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Зан үйлийн тэнхимийн багш
- 2015-2024 онд “Ахиллис Монгол ОУБ” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
- 2019-2024 онд “Ажиа гэгээний зөв тэтгэлэг сан” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сэтгэгдэл (12)