АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр болно. Тус хуралд 21 аймаг, есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох юм. АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд 9 эмэгтэй нэр дэвшсэнээс 7 нь зохион байгуулах хорооноос тавьсан шаардлагын дагуу материалаа бүрдүүлэн өгөөд буй. Эдгээр нэр дэвшигчдээс 4-ийг нь өнөөдрийн “Улс төрийн жижиглэн” буландаа онцолж байна.
“Хөх туг” атгасан А.Адъяасүрэн
А.Адъяасүрэн бол УИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүд дунд АН-ыг төлөөлөн суугаа хоёр эмэгтэйн нэг. Бусдыгаа бодвол бизнесийн салбараас орж ирсэн ч мөн л бусдаасаа ганцаараа энэ парламентын эрчүүдийн холбогдоод байгаа “Нүүрсний” гэх хэрэгт нэр дурдагдсан. Анх сонгогдохоосоо л авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдож байсан тэрбээр АН дахь “Жэнко” бүлэглэлийн төлөөлөл. Авлигын хэргээс нь тухайн үеийн Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргаж байсан гэх. Өөрөөр харвал нэг нутгийн улстөрчид гэдгээрээ нийлдэг байх боломжтой.
Хэдийгээр өөрөө “Жэнко” бүлэглэлд хамаардаггүй гэдэг боловч өнгөрсөн сард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эхлүүлсэн "Хөх туг" бүлгийн уулзалтуудад УИХ-ын гишүүдээс А.Адъяасүрэн, С.Ганбаатар нар л оролцож байсан. Улс төрөөс түр хөндийрсөн мэт харагдавч Х.Баттулга бол АН-д нөлөө бүхий нэгэн. Энэ нь өнгөрсөн удаагийн дэд дарга нарын сонгуулиас харагдана. Зургаан дэд даргаар өөрийн хүмүүсээ томилуулж чадсан тэрбээр энэ удаа Эмэгтэйчүүдийн холбоондоо А.Адъяасүрэн гишүүнийг сойж байна. АН-д экс Ерөнхийлөгчийн нөлөө хэр байгаа нь нэг ёсондоо энэ удаагийн АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиар харагдана гэсэн үг.
“Цахим Элийрэгч” буюу Ц.Уянга
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс АН-тай холбогдсон түүх хамгийн богинотой нь Ц.Уянга юм. Цахим орчинд “Элийрэгч” нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг тэрбээр өнгөрсөн орон нутгийн сонгуулиар бие даан нэр дэвшиж байлаа. Улаанбаатар хотын түүхт барилгуудыг авч үлдэхээр чамгүй тэмцэж асан тэр сүүлийн үед Орос-Украины дайнтай холбоотойгоор Э.Одбаяр нартай нэгдэн нийлж байв.
Э.Одбаяр бол "Зон олны нам"-ын тэргүүн бас АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү. Хэдийгээр улс төрийн үзэл бодол нь тусдаа хэмээдэг ч “Алим модноосоо хол унадаггүй”-н үлгэрээр Э.Одбаярын АН дахь нөхдийг С.Эрдэнийн фракцад хамруулах нь бий. Тэгэхээр “Цахим Элийрэгч” буюу Ц.Уянга бол Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд сойж буй С.Эрдэнэ фракцын нэр дэвшигч. АН-д хийсэн гавьяагүй ч цахим орчинд бичсэн посттой Ц.Уянгын найдвар нь АН-ын экс дарга С.Эрдэнэ гэсэн үг.
МАН-д хунтайжууд, АН-д гүнжүүд буюу
үе залгамжилсан улстөрч Б.Жаргалан
Нэгэн үе МАН-д үе залгамжилсан хунтайжууд гарч ирж байв. Тэд улстөрд орохын тулд намынхаа залуучуудын байгууллагын тэргүүн болохоор өрсөлдөж, болж ч байлаа. Тэгвэл АН ч энэ замаар алхаж байгаа. Ан дахь үе залгамжилсан улстөрчийн хамгийн тод жишээ нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа Б.Жаргалан болж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан, АН дахь МҮДН фракцын “Фортуна” хэмээх Н.Батбаярын охин тэрбээр өнгөрсөн хугацаанд АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. АЭХ-ны алдаа ч түүнийх, оноо ч түүнийх. Аавынхаа нэрээр анх танигдаж байсан Б.Жаргалангийн хувьд энэ удаа намын бодлогоор АЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Намын дарга нар бодлогоор дэмжих магадлалтай нэр дэвшигч нь Б.Жаргалан гэж тодотгож болно. Ташрамд дурдахад, Б.Жаргалангийн аав Н.Батбаяр, одоогийн АН-ын дарга Л.Гантөмөр нар АН дахь МҮДН фракцад харьяалагддаг байв.
Жендер болон тэнцвэрийг уриалсан Б.Пунсалмаа
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс бас нэгэн сонирхолтой дүр нь Б.Пунсалмаа. Хувийн хэвшлээс улс төр рүү орж байгаа тэрбээр өрсөлдөгчид дундаа хамгийн хөрөнгөлөг нь. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшиж байхдаа өөрийн хөрөнгө орлогоо нэг жилд 85 тэрбум хэмээн мэдүүлж байсан түүнийг улс төрд орвол элдэв янзын тендер, мөнгөн дээр нүдний хор нь гарсан байх магадлалтай хэмээн дэмжигчид олон байв.
Энэ удаа мөн л тэрбээр нэгэн давуу тал атган АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Тэр нь эмэгтэйчүүдэд зориулсан олон төсөл хөтөлбөрийг өөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж ирсэн туршлага. Мөн бизнес эрхлэхдээ элдэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй нь. Бизнес эрхлээд, төсөл хэрэгжүүлээд үзчихсэн хүн хоосон амладаггүй. Б.Пунсалмаагийн хувьд холбооны ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж байгаа алсын хараа нь ердөө л жендэр болоод тэнцвэр. Хоосон мөрөөдөж сууснаас энэ нь ч дээр байж мэднэ.
М.Дэвээжаргал