Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин 2023 оны есдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлал үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.
Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулна. Манай хоёр улс 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоож, 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн.
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг 2019 онд байгуулсан. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга 1996, 2015 онуудад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.