Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан орон нутгийн томилолтоор 10 аймгийн иргэдийн санал бодлыг сонсож, шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Сэлэнгэ аймагт тариаланчидтай уулзсан билээ.
Газар тариалан эрхлэгчид болон малчдын хооронд үүсдэг асуудал бол тариалангийн талбай руу мал орох явдал гэж байв. Иймээс эл маргааныг шийдвэрлэх гарц нь “Хашаалах” болж, үүн дээр дөрөөлөн “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат ч мал, тариалан хоёрыг тусад нь зааглаж, хөгжүүлэх ёстой гэсэн агуулга бүхий үгийг хэлсэн юм.
Үүнд хариулт болгож, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун 9 тэрбум төгрөгөөр тариалангийн талбайг хаших ажлыг Засгийн газар дэмжсэн мэт ярьж байлаа.
Тодруулбал, “2018, 2019 онд л анх тариалангийн талбайг хашаалж, хамгаалах ажил дээр төр дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр хувийн тариалан байгаа боловч газар нь төрийнх шүү дээ. Тиймээс төр газраа дагтаршуулах, элэгдэлд оруулахаас хамгаалж байна гэсэн үг. Ялангуяа стратегийн хүнс. Энэ жил 9 тэрбумыг газаржуулах, тариалангийн талбай хамгаалах асуудалд төсөвлөж тавьсан байгаа. Энэ асуудлыг шийдье гэж Сангийн сайд болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Сэлэнгийн хурал дээр хэлсэн” гэсэн юм.
Яг энэ мөчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ толгой дохисон билээ. Энэ бол үйлдлээрээ дэмжиж байгаа хэлбэр. Дээрх ярианд стратегийн гэж онцгойлон дурдсан нь гойд учир шалтгаантай юм.
Уг нь Х.Болорчулуун бол ашиг сонирхлын зөрчилтэй сайд. “Дорнод гурил” ХХК-ийн хувь эзэмшигч буюу ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгдэж байсан ч түүнийг нь тодорхойлдог АТГ “цэвэр” гэсэн бичиг хийснээр гурилын үйлдвэрийн эзэн хүнсний салбарын сайд болж байв. Үүнээс хойш АТГ-ын эл бичиг “онигоо” болж хувирсан.
Ийн сайдын суудалд тухалсан тэрбээр газар тариалангийн нутагт томилолтоор ажиллахдаа тариаланчдын талбайг төрийн мөнгөөр хашаалж өгөх тухай үг хэлсэн нь эгээ л “Дорнод гурил”-ын тариалангийн талбайг төрийн хамгаалалтанд авчихъя гэсэнтэй агаар нэг сонсогдож байв.
Соёлын сайдын аавын тариалангийн талбайг төрийн 9 тэрбумаар хаших гэж байна гэх цахим орчин дахь эсэргүүцэлтэй тулсан энэхүү үйл явдлыг өчигдөр (2023.09.20) болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр сайд нар үгүйсгэлээ.
Үүнд:
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол улсын 2023 оны төсөв батлагдаад явж байна. Түүн дотор газар тариалангийн талбайд хашаа барина гэж 9 тэрбум төгрөг тавигдаагүй.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн хэвшлийн тариалангийн талбайг хаших гэж байна гэсэн асуудал явсан. Энэ бол буруу ойлголт. Ямар нэгэн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хувиараа бизнес эрхэлж байгаа ААН-ийн аж ахуй эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хашаа хороо барьж өгөх төсвийн зориулалт байхгүй. Хоёрт, Засгийн газраас тийм бодлого хэрэгжүүлэхгүй гэлээ.
Тодруулбал, Ашиг сонирхлын зөрчилтэй сайдын, ашиг сонирхлын зөрчилтэй бас нэг сайдын аавын тариалангийн талбайг хаших тухай яригдаагүй юм байна гэж ойлгогдохоор мэдээллийг Сангийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар өгсөн гэсэн үг.
Засгийн газрын хоёрын хоёр сайд, Төрийн ордонд мэдээлэл хийхдээ худал хэлээгүй л бол Х.Болорчулуун сайд сэтгэлийн мухар дахь хүслээ цэнхэр дэлгэцээр илчилж орхижээ.
Үнэхээр л төр төмбөгөр байдаг юм бол “тариа”-тай сайд, сайд охинтой тариаланч хоёрын хүслийг 9 тэрбумаар гүйцээж тариан талбайг хашаалахгүй биз ээ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (5)