Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Тэрбээр энэ талаар мэдээлэл өглөө.
Мэдээлэлдээ, "Засгийн газар энэ асуудал дээр ямар байр суурьтай байх талаар үүрэг чиглэл бүхий ажлын хэсэг байгуулж байгаа юм. Өнөөдрийн хуралдаан дээр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийсэн.
Олон улсын допингийн асуудал эрхэлж байгаа байгууллага нь WADA. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь МОNADA. WADA-ийн дүрэм журмаар тухайн улсын допингийн байгууллагын өдөр тутмын болон үйл ажиллагаанд Засгийн газар оролцох нь хориотой байдаг юм байна.
Мөн олимпын спортын байгууллага оролцох, нөлөөлөх боломжгүй. Тиймээс олон жилийн туршид МОNADA хариуцаж явсан гэсэн үг. Олон улсын допингийн эсрэг байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, шаардлагыг нь хангахгүй явж ирсэн алдаа дутагдал байгаа.
Өнгөрсөн зургадугаар сард төсвийн тодотгол хийхдээ олон улсын байгууллагаас тавьсан шаардлагыг хангаагүй, төлбөр мөнгөө цаг хугацаанд нь төлөөгүй гэх асуудал үүссний улмаас Засгийн газар МОNADA-ийн өмнөөс нэг удаа төлбөрийг нь хийсэн байдаг. 800 гаруй сая төгрөгийн асуудал.
Үүнээс гуравхан сарын дараа "МОNADA үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул Монгол улс цагаан дор олимпод оролцох нөхцөл үүсэж болзошгүй" гэсэн бичиг ирсэн байна. Өнөөдөр ЗГ-ын хуралдаан дээр ноцтой асуудал яригдаж байгаа нь олон улсын бичиг олимпын хороо, ЗГ-т ирдэггүй, мөн тайлбар нь ч ирдэггүй.
Олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүсэж байгаа нь ҮБАЗ-өөр хуралдах асуудал учраас судалж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон.
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигийн хэлж байгаагаар WADA энэ сарын 22-ны өдөр хуралдах юм байна. МУ-ын допингийн асуудал эрхэлж байгаа байгууллага тавьсан шаадлагыг хангасан эсэх талаар хэлэлцэн дүгнэлт гаргаад, шийдвэр гаргах нөхцөл үүссэн байна.
Эл байгууллагыг шинээр байгуулах тохиолдолд Засгийн газар оролцох боломжтой юм байна. Харин татан буулгаж, шинээр байгуулах эсэхийг WADA шийднэ.
Бид өнөөдөр тус байгууллагын тавьсан зургаан шаардлагыг хангасан эсэх талаар15 цагаас хуралдана" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (6)