УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан үг хэллээ.
Тэрбээр "Хуульд заасны дагуу шүүх ажиллагааг явуулж өгөөч гэсэн хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Дараагийн хүсэлт бол Шүүхийн тамгын газрын мэдээгээр Нүүрсний тодотголтой гэх хэргийн шүүх хурал гэж зарлаад байгаа. Энэ хуульд нийцэж байгаа юу. Яагаад ингэж нэрлээд байгаа юм бэ. Үндэслэлээ тайлбарлах ёстой. Нүүрсний гэх хэргийг хуулийн байгууллага 2022 оны арванхоёрдугаар сараас эхлээд шалгасан. Шалгахдаа 633 нүүрс борлуулалтын гэрээ, 576 бараа ажил үйлчилгээ худалдан авах гэрээ, хил гааль буюу хилээр хууль бусаар нүүрс тээвэрлэсэн асуудлын хүрээнд хэргийг шалгаж байна хэмээн зарласан.
Гэтэл би өөрийн нэр дээр болон будсын нэр дээр тендэр авсан, нүүрс тээвэрлэсэн зүйл алга. Хил гааль, оффтейк гэрээний талаар мэдэх ч зүйл алга. Ийм байхад нүүрсний гэх тодотголтой хэмээн хүчээр явуулаад байна.
Олон нийтийг их төөрөгдүүлж, буруу мэдээлэл өгснөөр гэмт хэрэгтэй тэмцэх биш, эсрэгээрээ гэмт хэргийг хаацайлах зэрэг өөгшүүлж байна хэмээн үзэж байна. Энэ асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байна. Харин үнэн бодит мэдээлэл хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун