МҮХАҮТ дөрвөн жил тутамд хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө сонгодог. Тэгвэл ээлжит их хурал нь өнөөдөр болж, дараагийн дөрвөн жил танхимыг удирдах шинэ ерөнхийлөгч тодорно. Тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр 13 хүн бүртгүүлээд буй. Үүнээс 11 хүн нь нэр дэвших болсноо олон нийтэд зарласан. Иймд уншигч та бүхэнд танхимын Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшигчдийг танилцуулж байна.
- “MCS" группын дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин
Д.Энхтүвшин Дорнод аймагт арван жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн ЭЗС-ийн менежментийн ангийг сонгож суралцсан байдаг. Улмаар 1997 онд "MCS" группдээ санхүүгийн шинжээчээр анх ажилд орж, дэд ерөнхийлөгч болтлоо дэвшин ажилласан нэгэн.
- Скайтел группийн гүйцэтгэх захирал асан Д.Болор
Тэрбээр холбооны инженер мэргэжилтэй бөгөөд салбарын яамны Телефон радио ашиглалтын хороонд инженер, албаны ерөнхий инженерээр ажлын гараагаа эхлүүлжээ. Улмаар Монголын цахилгаан холбоо, үүрэн телефоны “Ньютел”, “Мобиком”, “Скайтел” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Мөн менежментийн сургалт зөвлөх үйлчилгээний “Эн Си Эс”, ухаалаг технологийн “Smart Store” компаниудыг үүсгэн байгуулж, удирдан ажиллаж байна.
- Коёотэ ХХК-ийн захирал Д.Бямбасайхан
Тэрбээр “Коёотэ” ХХК-ийг удирдахаас гадна Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.
- “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
Түүний хувьд хөрөнгийн зах зээл, бизнес хөгжил, төслийн удирдлага, маркетинг, худалдаа, олон нийтийн харилцаа, хүний нөөц, байгууллагын удирдлагын чиглэлээр ажиллаж байжээ.
- "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд
Парламентын сонгуульд нэр дэвшин хэдэнтэй өвдөг шороодож байсан тэрбээр энэ удаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаанд орсон нь нэг их сонин алхам биш юм.
- МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн
З.Түмэнжаргал агсны хүү Дүүрэн өмнө нь “UFC” группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ.
- Эдийн засагч Б.Лакшми
Б.Лакшми нь Орос-Монголын хамтарсан III сургууль, ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг, техникийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын Эдийн засаг, Техникийн дээд сургуулийн бакалавр, ХБНГУ-ын Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийг эдийн засгийн шинжээчээр төгссөн. Өнгөрсөн хугацаанд “Мигма” ХХК-д маркетингийн менежер, “Наран Моторс” ХХК-ийн захирлаар ажиллаж байв.
- Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий
Түүний хувьд 2016 -2018 он хүртэл Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байснаас гадна 2015-2017 онуудад Монголын сайтын холбооны хяналтын зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан. Одоогоор “Монгол брэнд” холбооны тэргүүнээс гадна Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж байна.
- ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхсайхан
Тэрбээр МУИС-ийг Бизнесийн удирдлагын магистр, удирдлагын академийг мөн төрийн удирдлагын чиглэлээр төгсчээ. 2017 оноос хойш “Эм Ти Эм Сити инженеринг” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Түүнчлэн Монголын залуучуудын холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүнээр ажилладаг.
- “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан
Бүгд найрамдах намын дарга, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан энэ удаагийн сунгаанд хүч сорьж байна.
- МХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Л.Төр-Од
Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Улс төрийн эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр МУИС, Энэтхэг улсын Хууль зүйн үндэсний их сургуульд бакалавр, Лондонгийн Их сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуульд Олон улсын хууль зүй, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.