Энэ оны гуравдугаар сараас Монгол Улсын Засгийн газраас “Шувуу” ажиллагааг хэрэгжүүлж буй. Уг ажиллагааны хүрээнд анхны нислэгээрээ ХХААХҮ-ын сайд асан Т.Бадамжунайг эх оронд нь авчирсан билээ. Мөн тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 138 хүний нэрийг зарлаж байв.
Эдгээрээс олон улсын хэмжээнд 92 этгээдийг эрэн сурвалжилж байгаагаас өчигдөр буюу есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 50 этгээдийг олж тогтоожээ.
Тухайлбал, интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46 этгээдийг олж тогтоон олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ.
Мөн интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдүүдээс оршин байгаа газар нь тогтоогдсон 25 /үүнээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10/ этгээд байгаа аж.
Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох газруудад мэдээлэл дамжуулсан байна.
Мөн “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээлсэн юм.