Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон 24tsag.mn мэдээллийн сайтаас хамтран “Гүүрээ нэрлэе” аяныг эхлүүлж байна. Монгол Улсад хэдэн гүүр байдаг, тэдгээрээс хэд нь оноосон нэртэй болохыг мэдэх хүн цөөн болов уу. Мөн хотын архитектур төлөвлөлтийн чухал байгууламжийг өөрийн гэсэн нэртэй болгосноор чухам ямар ач холбогдол, өөрчлөлт бий болох тухай Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоогоор манай улсад оноосон нэртэй яг хэдэн гүүр байна вэ? Энэ талаар яриагаа эхэлье.
-Монгол Улсад миний мэдэхээр, албан ёсоор нэрлэгдсэн гүүр бол Маршлын гүүр, Арслантай гүүр, 1960-аад оны үед баригдсан Энхтайвны гүүр л байна.
Нэртэй гэхээсээ илүү тухайн гүүрний ойр орчимд байрлах газрын нэрээр нэрлэсэн гүүрнүүд олон бий.
Тухайлбал, Натур худалдааны төв буюу 13 дугаар хорооллоос Паркийг зүглэсэн замд байрлах гүүрийг ард түмэн Натурын гүүр гэж нэрлээд байгаа. Үнэн хэрэгтээ Натур худалдааны төв тухайн гүүрнээс нэг км зайтай байрладаг. Гэтэл яагаад ч юм ард түмэн Натурын гүүр гээд нэрлэчихсэн. Мөн S.Оutlet гэх нураах ёстой байшин гэж яригдаад байгаа байшингийн доод талд нь байгаа гүүр бол Нарны замын дагуу Сэлбэ голд баригдсан гүүр юм. Харамсалтай нь дахиад л нэр байхгүй. Натурын гүүрнээс Нарны замын дагуух гүүр хүртэл км орчим зайтай S.Оutlet барилгын хажууд буй гүүрнээс Дунд гол эргэлдээд, эргэлдсэн хэсгээс эхлээд шинээр гүүр тавьсан байгаа. Тэр гүүр мөн л нэргүй.
-Сэлбэ гол дээр нийт хэдэн гүүр байдаг вэ? Энэ тухай мэдээлэл танд бий юу?
-Надад байгаа мэдээллээр буюу бидний дутуу хагас тогтоосноор нийт 34 гүүр байна. Зарим нь явган гүүр, зарим нь автомашины гүүр байгаа. Үүнээс нэрийн хувьд зөвхөн Арслантай гүүр гэж гүүрнийхээ хоёр талд хоёр арслан барьсан энэ гүүрээр нэрлэгдсэн энэ гүүр л байна. Бусад гүүрнүүд огт нэргүй.
-Гүүрний хоёр талд Арслангийн хөшөө барьсан учраас л ингээд нэрлэчихжээ?
-Тэгж хэлж болохоор л байгаа юм. 1960, 1970 оны үед Улаанбаатар хотын залуучуудын болздог газар байсан гэж үздэг. Сэлбэ гол дээр баригдсан орчин үеийн гэж хэлж болохоор гүүрнүүдийн анхны гүүр юм. Арслантай гүүр бол Сэлбэ голын бэлэг тэмдэг болдог.
Д.Пүрэвдорж гуайн шүлэгт “Чулуун арслангаас өөр өмөөрөх эзэнгүй юм бол
Чухамдаа энэ чинь тэгээд хэний гол юм бэ” гэж хэлсэн байдаг шүү дээ.
-Та Монгол Улсаас Унгар Улсын Элчин сайдаар ажиллаж байсан хүн. Европын улс орнууд гүүр болон гүүрний нэрд хэрхэн ач холбогдол өгдөг вэ?
-Томоохон хотууд дээр хотын амьдралын соёл, хэвшлийн үүднээс үзэх юм бол гүүр хамгийн чухал барилга байгууламжид тооцогддог. Яагаад гэвэл хоёр эргийг холбодог. Би Дунай мөрний эрэг дээр 12 жил амьдарсан хүн л дээ. Дунай мөрөн дээр 1848 онд анхны чулуун гүүрийг барьснаас хойш Будапешт гэдэг хот хөгжсөн. Үүнээс өмнө гурван жижиг тосгон байсан юм билээ. 1873 онд Буда, Обуда, Пешт гэсэн гурван газрыг нийлүүлээд Будапешт гэдэг хоттой болсон. Тэр үеэс эхлээд Будапештын хөгжил дэвшил эхэлсэн гэдэг. Энэ гүүр бол Унгар улсын бэлэг тэмдэг юм. Мөн Чехийн Праг хотод анх гурил зуураад, тэрэн дотроо сүрэл хийж байсан Карлын гүүр гэж бий. Энэ гүүр бол Чех улсын бэлэг тэмдэг болсон байна.
-Гүүр гэдэг ерөөсөө л тухайн улсын бэлэг тэмдэг байх нь. Тиймээс нэрлэх нь их чухал бололтой?
-Тийм ээ. Парист ч тэр, Ромд ч тэр бүх газруудад гүүр нь өөрөө тухайн улсын бэлэг тэмдэг болчихсон байдаг. Мөн үүнээс гадна усны каналууд дээр тогтож буй улс орны канал болгон нь гүүртэй байдаг.
Тэгэхээр гүүр бол хоёр эргийг холбож буйн хувьд тухайн хотын архитектур төлөвлөлтийн хамгийн чухал байгууламж юм. Гүүр "нэргүй байна" гэдэг нь бидний ус, голдоо хандаж буй хандлага юм.
Тухайлбал, Бид Орхон гол дээр нийт хэдэн гүүр байгааг ч мэдэхгүй амьдарч байна. Орхон гол бол 1000 км урт урсдаг гол. Тиймээс Улаанбаатар хотоос эхлээд бүх газруудад гүүрээ нэрлэх хэрэгтэй.
-Хэрэв гүүрнүүдээ нэрлэхээр болбол ямар нэрээр нэрлэх вэ? Танд санал болгох нэр бий юу?
-Улаанбаатар хотод байгаа гүүрнүүдийг аль нэг уулын нэрээр юм уу, эсвэл аль нэг голуудын нэрээр нэрлэж болох юм. Тухайлбал, Сэлбэ гол дээр буй Натурын гүүр гэдгийг Сутайхайрхан гүүр, эсвэл Отгонтэнгэр гүүр гэх зэргээр нэрлэж болно шүү дээ. Ингээд нэрлээд ирэхээр Сутай гэдэг бол маш сүрлэг хайрхан. Үүнтэйгээ адил хүн болгонд хүндлэх сэтгэл төрнө. Мөн арчилгаа, тохижилт дээшлээд явах боломж байна хэмээн харж байна.
-Энд мөн л гаднын улс орнуудын талаар асууя. Гадаад улс орнууд гүүрээ хэрхэн нэрлэдэг юм бол?
-Бусад улсуудын жишээнээс харвал хаадынхаа нэрээр нэрлэсэн тохиолдол их байдаг. Монголчуудын хамгийн сайн мэдэхээр Австрийн хатан байсан Сиси хатны нэрээр Будапешттын гүүр одоо хүртэл нэрлэгдээд явж байна. Тэгэхээр Туул гол дээр байгаа гүүрнүүдийг Чингис хааны дараагийн хаад, эсвэл Чингис хааны хүүхдүүдийн нэрээр нэрлэх боломжтой гэж бодож байна. Бас нэг өөр санал гэвэл, тухайн орон нутгаас нь төрөн гарсан яруу найрагчид, урлагийн хүмүүсээр нэрлэж болох юм. Энэ мэт маш олон санал гарна л даа.
-Гүүрэнд нэр өгөх асуудлыг ямар байгууллага шийддэг вэ?
-Хуулийн хүрээнд тухайн орон нутагт нэр өгөх асуудлыг шийдвэрлэдэг байгууллага бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Тиймээс цаашид Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргаад явах байх. Энэ бол хэдэн гүүрийг нэртэй болгох асуудал гэхээсээ илүү Улаанбаатар хотыг хаягжуулах, Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгоход тун чухал алхам болно хэмээн найдаж байна. Хоёрдугаарт, зөвхөн нэр өгснөөрөө усанд хандах хандлага эрс өөрчлөгдөнө.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)