Налайх дүүргийн баяр наадмын түрүү булаалдах даваанд Тоочингийн Батсүрэн гэх тогтож барилддаггүй залуутай аймгийн арслан цолны төлөө барилдсан нь 2022 он юм. Арга мэх, ухаан уралдуулсан тэрхүү барилдаан бол шударга, бас ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн сайхан дурсамж. Ийм гал гарсан барилдааныг аймгуудын баяр наадмаас барагтай болж үзэхээргүй. “Цолонд цангасан залуус” аймгийн арслан цолны төлөө начин цолноос босч байгаа болохоор ширүүн өрсөлдөхөөс аргагүй. Ингэж аймгийн начин цолтой долоон жил хэртээ барилдсан Лхагвасүрэнгийн Энхсаруул аймгийн арслан болж, магнайгаа нэг тэнийлгэв. Түүнийг анх бөхийн замд эрчимтэй хөтөлж оруулсан гол хүн гэвэл чөлөөт бөхийн Ази тивийн аварга Н.Баярмагнай. Л.Энхсаруул арслан үеийн хөвгүүдийн адил, PC тоглоомонд дуртай, хонон өнжин тоглох өдөр олон байж. Харин түүний бөхийн авьяасыг олж харсан багш нь Л.Энхсаруулыг бөх рүү эргэлт буцалтгүй оруулсан гэдэг.
Уг нь тэр бөхийн бөхийн замд эрт орсон, 17-тойдоо сумын заан цолтон боллоо. Дөрвөн жилийн дараа аймгийн начин болсон боловч энэ цолтойгоор харин удаан барилдсан тал бий. Л.Энхсаруул цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийн Улсын баяр наадмын зургаа дахь түрүүгээ авсан Тахиа жилд буюу Улс тунхагласны 69 жилийн ойн барилдаан болсны маргааш (10.27) нь хорвоод мэндэлсэн. Аймгийн начин цолтойдоо улсын өндөр цолтой бөхчүүдэд бол тун халгаатай барилддаг бөх. Одоо ч тийм.
2019 оны намар Монголын ард түмэн Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласан”-ы 74 жилийн ойн барилдааны зүүний магнай П.Бүрэнтөгс, барууны магнай Р.Пүрэвдагва нарын арслангуудыг цувуулан давсан нь санаанаас огт гардаггүй юм.
Хэзээнээс том цолтнуудад халгаатай бөх. 2019 оны Улсын баяр наадмын нэг даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргалыг давж, хоёрын даваанд улсын арслан Ц.Содномдоржид аргагүй унасан. Аймгийн начингуудад оноолт маш хатуу таардаг л даа. Залуу арслан Ц.Содномдоржтой гурван жилийн дараа Цагаан сарын барилдааны хоёр даваанд дахин таарч барилдсан ч бас унасан юм.
Өнгөрсөн жилийн Улсын наадмын нэг даваанд Өвөрхангайн аймгийн харцага Т.Идэрдоржийг илбэдүүхэн давж, дараа нь улсын начин Ц.Лхавасүрэнгээр анх удаа төрийн наадамдаа хоёр давлаа. Увс нутгаас аймгийн цолтой олон бөх хоёр давсан тул түүнийг гурвын тунаанаас гаргах бөх олдсонгүй. Гурвын давааны төгсгөлд Булганы хүчтэй аймгийн харцага Д.Пүрэвдоржтой сайн барилдсан, хэн нь ч давж мэдэх өрсөлдөөний эцэст дэлхийн аваргад яах аргагүй тахим буулгалаа. Ингэж барилдахдаа тэр аймгийн арслан цолоо авсан байсан ч бөхийн эрэмбэд аймгийн начин цолоор нь бүртгэсэн билээ. Тэр жил улсын начин Ж.Гэлэг агсаны нэрэмжит тойргийн барилдаан болоход Л.Энхсаруул түрүүлж шинэ цолоо мялаасан юм. ШУТИС-ийг механик инженер мэргэжлээр суралцах хугацаандаа тус сургуулийн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн.
Бас болоогүй, намар нь Ховд аймгийн Үенч сумын 90 жилийн ойн наадамд түрүүлж, ээждээ бэлэг барьсан. Ээж нь Ховдын Үенч сумынх бол аав нь Увсын Ховд сумын хүмүүс. Энэ жилийн Улсын баяр наадмаар цолонд хүрэх магадлалтай бөхийн нэг бол Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн арслан Л.Энхсаруул мөн. Тэр энэ жил 30 нас хүрч байгаа, бяр нь ид тэгширч яваа билээ.
Сэтгэгдэл (2)