Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал хувьсан өөрчлөгдөж байна. Энэ удаагийн "Хувирал"-аар барилгын дуу чимээний тухай өгүүлэх болно.
Улаанбаатарын дэл сул газрыг байшин барилга барихгүй орхиж болохгүй. Хавар, зун, намар жилийн гурван улиралд цонхоо бүтэн онгойлгоод, агаар сэлгэх ч эрхгүй амьдрах юутай харамсалтай вэ. Зам, барилга, түчигнээн.
Хүйтний улиралд агаарын бохирдол, дулааны улиралд дуу чимээний бохирдол биднийг отож байдаг нийслэл. Үүнээс болж бухимдал, стрессээ дааж давахаа болино.
Гэртээ амрах биш гаднах орчинд болж буй өрөмдөх, алх нүдэх, төмөр тачигнах чимээг сонссоор ядарч гүйцнэ. Эд бас амарч мэдэхгүй, үнэхээр шаргуу ажиллана. Үүрээр л барилгын ажлаа эхлүүлнэ, хааяа шөнө дунд хүртэл үргэлжилнэ.
Эцэстээ хүн хүний төлөө зовних, бусдыг ойлгож хайрлах сэтгэлээ хэдэн төгрөгөөр арилжчихсан ийм амьдрал яг л "хар зах" шиг амар заяа үзүүлэхгүй.
Танай гэрийн ойролцоо ямар нэгэн сүрхий нэртэй хотхон баригдаж буй бол энэ зовлонг та олон жил амсаж яваа биз ээ. Бусдын амар тайван байдлыг алдагдуулж буйдаа санаа зовдоггүй, мөнгө л олж байвал хэн нэгний бухимдал, нойргүй тэлчилж хэвтээ нь ер хамаагүй, тийм тоомжиргүй зааварлагчтай байна гэдэг хэцүү еэ.
Энэ бол тэнгэр баганадсан барилгын өрөө болгонд нь сэтгэлээ шавар болгон нялж, цонх бүрд нь халуун зүрхээ хуваачихсан хүний л тухай.