Зөвхөн хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй эрх чөлөөт улс орны хэн бүхэнд хамаарах дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг баяр ёслолын хэмжээнд тэмдэглэхээсээ илүүтэй бүтээн туурвих эрх, мэргэжлийн ёс зүйтэй холбож тайлбарлах нь сэтгүүлчдийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл, Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн нөхцөл байдал ямар байгаа талаар зарим сэтгүүлчийн үзэл бодлыг та бүхэнтэй хуваалцаж байна.
"Time.mn" сайтын ерөнхий эрхлэгч Г.Улсболд хэвлэлийн эрх чөлөө, Монголын сэтгүүл зүйн нөхцөл байдлын талаар ийн тодорхойллоо.
Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр ганцхан жилийн дотор 22 байр ухарсан үзүүлэлт өнгөрсөн онд гарсан. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын гаргадаг энэ барометр иргэдийн мэдэх эрх ямар түвшинд байгааг бэлхнээ харуулж байгаа юм. Мэдээллийг төрийн байгууллагаас олж авах, шүүмжлэлт мэдээллийг хүргэхэд хүндрэлтэй болж байгаа. “Ямар мэдээлэл авахаа албан бичгээр өг”, “ямар асуулт асуух вэ, эхлээд хэл” гэдгээс гадна сэтгүүлчийн авахыг хүссэн мэдээллийг удаах, хариу өгөхгүй байх тохиолдол гарсаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг төрөөс ижил гараанаас, тэгш хүртээмжтэй авч чадахгүй байгаа тухай ярьж байна. Редакцийн цензур ихэссэн, үүнд нь Засгийн газрын нөлөө байгаа тухай ч сэтгүүлчид хэлж байна. Энэ нь шүүмжлэлт мөн чанартай сэтгүүл зүйн бүтээл гарахгүй байхад нөлөөлж байгаа голлох хүчин зүйл.
Нөгөө талдаа цөөнгүй сэтгүүлч байгууллагад очих ёстой мөнгийг хувьдаа завших замаар бусдын “бүрээ” болж, өмнөөс нь нийгмийн сүлжээнд “шүгэлдэх” явдал нэлээд байна.