Гаалийн ерөнхий газраас экспорт, импортын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээллээ. Энэ үеэр ГЕГ-ын Статистик дүн, шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн барааны экспорт импортын 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийн товч мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, “Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнээс экспорт 2.3 тэрбум ам.доллар, импорт 0.3 тэрбум ам.доллараар өсжээ.
Экспортын дүн импортын дүнгээс 2.4 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Дээрх хугацаанд Монгол улс дэлхийн 125 улстай гадаад худалдаа хийснээс 54 улс руу бараа бүтээгдэхүүн экспортолж, 121 улсын гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнийг импортолсон.
Экспортын тухайд:
2023 оны эхний 4 сарын байдлаар нийт экспорт 5.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 81.6 хувиар өссөн. Үүнд гол нөлөөлсөн нь эрдэс бүтээгдэхүүний экспорт байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.2 тэрбум ам.доллараар буюу 95.1 хувиар өсөн нь нийт экспорт өсөхөд нөлөөлж, нийт экспортын 88.7 хувийг дангаараа эзэлж байна. Гол бүтээгдэхүүн болох чулуун нүүрс нь эрдэс бүтээгдэхүүний 67.9 хувийг, нийт экспортын 60.2 хувийг дангаараа эзэлжээ.
2002 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр нийт экспортын 51.8 хувийг чулуун нүүрс дангаараа эзэлж байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 60.2 хувь болж 8.4 функтээр өсжээ. Чулуун нүүрсээр эхний дөрвөн сарын байдлаар 19 сая тонныг экспортолсон. Өмнөх оны мөн үеэс 15.5 дахин өссөн.
- Гашуун сухайт боомтоор 10.4 сая тонн
- Шивээхүрэнгийн боомтоор 4.8 сая тонн
- Ханги боомтоор 1.6 сая тонн
- Ховдын Булган боомтоор 809.1 мянган тонн чулуун нүүрс экспортолжээ.
Эрдэс бүтээгдэхүүний хоёр дахь гол бүтээгдэхүүн бол зэсийн баяжмал. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 483.3 мянган тонныг экспортолсон. Өмнөх оны мөн үеэс 14.1 мянган тонн буюу 3 хувиар өссөн байна.
Импортын тухайд:
Нийт импорт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 311 сая ам.доллараар буюу 11.2 хувиар өсжээ. Гол бараа бтээгдэхүүн нь нефтийн бүтээгдэхүүн байна. Нефтийн бүтээгдэхүүн 44.8 хувиар, машин механик, техник тоног төхөөрөмжийн эд ангийн импорт 31.5 хувиар өсжээ.
Нийт импортын 10.8 хувийг хүнсний импорт, 21.1 хувийг нефтийн импорт, 37.3 хувийг авто машин, техник тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, үлдсэн 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад,
- 18,780 суудлын авто машин
- 5,712 ачааны машин
- 215.2 мянган тонн авто бензин,
- 394 мянган тонн дизелийн түлш импортолсон” гэв.