Өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Чингис хааны тухай сонирхолтой 12 баримтыг түүвэрлэн хүргэж байна. 2012 онд эрх баригч АН-ын шийдвэрээр Тусгаар тогтнолын баярын өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон зарласан юм. Түүнээс хойш монголчууд өвлийн эхэн сарыг Чингис хааны төрсөн өдөр хэмээн тунхаглаж тэмдэглэж байна.
Чингис хааны тухай 12 баримтыг хүргэж байна:
- Чингис хаан 1162 онд Хэнтий аймгийн Дэлүүн болдогт төрсөн. Түүний мэндэлсний 860 жилийн ой өнөөдөр тохиож байна.
- АНУ-ын “Вашингтон пост” сонин Чингис хааныг дэлхийн Мянганы хүнээр нэрлэсэн байдаг.
- Чингис хааны төрж, бага насаа өнгөрөөсөн Бурхан Халдун уулыг “Үндэсний бахархалт хайрхан” хэмээдэг.
- Чингис нэртэй анхны хүүхдийг 1933 онд бүртгэсэн.
- Судлаач Ц.Сувдын эрдэм шинжилгээний ажилд дүгнэснийг үзвэл 2007 он хүртэлх хугацаанд Монголд Чингис нэртэй хүн 385 байжээ. Чингис нэрийг дангаар нь өгөхөөс гадна Чингисмягмар, Чингисжав, Чингиснамжил, Оюунчингис, Шинэчингис, Наваанчингис зэрэг нийлмэл нэртнүүд олон байсан нь сонин.
- Харин XX зууны Монголын Тэмүүжин нэртэй хүн 2208 болсон байна.
- Чингис хааны амьдралаас сэдэвлэн уран сайхны кино бүтээх санаачилгыг анх сэдэж, энэ талаар нэлээд олон бүтээл хийхээр зориглон оролдсон хүмүүс бол Америкийн кино бизнесийн хүрээнийхэн байсан юм.
- 1950 онд Америк, Филиппиний хамтран бүтээсэн, Мануэль Конде найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Чингис хаан” уран сайхны кино анх дэлгэцэнд гарсан юм. Мөн 1951 онд АНУ-д найруулагч Жорж Шерман “Алтан орд” хэмээх уран сайхны киног бүтээж, Чингисийн дүрд жүжигчин Марвин Миллер тоглосон юм.
- Монголчуудын хувьд Чингис хааны тухай бүтээсэн түүхэн киноноос хамгийн алдартай нь С.Эрдэнэ, Д.Маам, Д.Батбаяр нарын зохиолоор найруулагч Б.Балжинням бүтээж гол дүрд нь А.Энхтайван тоглосон “Мөнх тэнгэрийн хүчин доор” юм.
- Алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээснээр Чингис хаан тулааны үед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Ангийн үеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг.
- Чингис хааны онгоныг олох судалгаанд Япон, Америк, Германы эрдэмтэд анхаарлаа хандуулдаг. Хамгийн сүүлд Альберт Лин гэгч Бурхан Халдун ууланд түүний онгон бий гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.
- Өвөр Монголд Чингис хааны онгон гэж байдаг ч жинхэнэ онгон гэдгийг баталж чаддаггүй. Эрдэмтэд энэ газар Чингис хаан нутаг буцахдаа амраад явсан учир бэлэгшээн гэр музейг нь байгуулсан гэж үздэг. Чингис хаан Бэртэ, Хулан, Есүгэн, Есүй гэсэн дөрвөн хатантай байснаас их хатан Бөртэ хамгийн алдартай нь юм.
М.Сүхэхэй
Сэтгэгдэл (3)