Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Аялал жуулчлалын тухай хуулийг даваа гарагт өргөн барина. Эдийн засгийг дэмжих, эрхзүйн орчныг бүрдүүлэх хууль байх ёстой. Энэ хуулийг дагаад 12 орчим хуульд өөрчлөлт орно. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж буй. Монгол Улс бүх онгоцыг хүлээн авна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх санг бий болгож, хувийн хэвшлийнхэн авч явна. Дотоодын агаарын тээврийг дэмжих шаардлагатай.
Мөн аялал жуулчлалын бизнес эрхлэгчийн ажлыг тодорхой цэгцтэй болгоно. ДНБ өндөртэй орнуудын визийг чөлөөлөх, цахим визийг олгох болно. Манай улсад ирсэн жуулчдад НӨАТ-ын буцаан олголтыг өгнө.
Ариун цэврийн байгууламжуудыг цэгцлэх асуудлыг хуульд тодорхой хэмжээнд тусгаж байгаа. ААН-үүд өөрсдөө цэгцлэх бөгөөд төрөөс аж ахуйн албан татвартай холбох байдлаар шийдлийг гаргах юм. Тухайлбал шатахуун түгээх станцууд байна. Арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл бүх шатахуун түгээх станцын нүхэн жорлонг байхгүй болгож, шинэчлэх албан даалгавар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж байна” гэв.
Д.Батчулуун