Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл танилцууллаа.
Тэрбээр "Миний эрхэлж байгаа ажлын чиглэлээр хоёр том шийдвэр гарлаа. Хот хөдөөгийн сэргэлийн хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурших ажлыг дэмжих тухай тогтоол гарлаа. Өөрийн орлогоороо өөрийгөө аваад явдаг зургаан аймаг, алслагдсан гурван дүүрэгт Улаанбаатар хотоос шилжин сууршихад нь хүлээн авах тухай байгаа. Эдгээр газруудад хүн амыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй юм. Иргэд түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд юу хийж байгаа вэ гэж их асуудаг. Дунд хугацааны бодлого дээр илүү их анхаарал хандуулж байгаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэрээ Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна. Таван шарын тавдугаар баазын баруун талд, Геологийн төв лабораторийн хэсэгт, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуулын хэсэгт тус тус нүхэн гарц бий.
Энэхүү дөрвөн чиглэлд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жил ажил нь эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд энэхүү ажил дуусна. Ингэхээр Энхтайваны өргөн чөлөө дээр авч буй ачаалал 20 хүртэл хувиар буурна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)