Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл танилцууллаа.
Тэрбээр “Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг засгийн газар гаргалаа. Баян-Өлгий аймгаас хойшоо 65 км-т оршиж байгаа Цагааннуурын чөлөөт бүсийг Азийн АH4 босоо тэнхлэгийн автозамыг ашиглалтад оруулсан. Ингэснээр БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн.
Чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгосноор гадаад худалдааны төв, үйлдвэрлэл хийгдэх бүрэн боломжтой.
Европоос Алтанбулаг хүрэх зам болон Европоос Цагаан нуур хоорондох замыг аваад үзвэл 200 км-ээр дутуу байгаа. Манай яам чөлөөт бүсийн асуудлыг хариуцаж байгаа. Цаашид бодлого гарган ажиллана.
Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол саналын талаар хэлэлцлээ. Манай улсад хөрөнгөө оруулсан бизнес эрхлэгчид олон гомдол хэлдэг. ГХЯ эдгээр гомдлыг хүлээн авч шийддэг. АНУ, Канад, БНСУ, Япон, Австри, Болгарын хөрөнгө оруулагчид нийт 38 гомдол ирүүлснээс 8 нь төрийн байгуулалттай холбоотой байна. Залилан, төлбөр тооцоо, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх мэт маш олон шалтгаанаар гомдол гаргасан.
Засгийн газар эдгээрт анхаарч ажиллана. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлуудыг судлан, шийдвэрлэнэ. Учир нь хөрөнгө оруулагчид бол эдийн засгийн хөдөлгөгч хүч байдаг" гэв.
Д.Батчулуун